Шүүхийг шинэтгэх багц төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Шүүхийг шинэтгэх багц төслийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 17.30 цагаас хуралдлаа. Хуралдаанд АН, АН-ын бүлгийн гишүүд хамтран оролцсон нь ойрд эв түнжин муутай байсан хоёр бүлгийн гишүүд эвлэрсний тэмдэг байв. Хурлын эхэнд хэлэлцэх асуудлаа тохирох үеэр АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг зөвхөн шүүхийн шинэтгэлийн багц хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд өндөрлөхийг санал болгосон юм. Харин гишүүн Ц.Нямдорж “Шүүхийн хуулиа энэ удаа больё. Дандаа шантаажлуулж амьдрах хэцүү байна” хэмээн тэдэнд үг чулуудав. Эцэст нь хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг бүгдийг хэлэлцэхээр болж хуралдаан шуударсан юм.

Эхлээд Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Авто тээврийн хяналт, даатгалын чиглэлээр ажилтан бэлтгэх, аатгалыг жил бүрийн автын улсын үзлэгтэй хамтруулан явуулах, мэргэжилтнүүдийг сургах зэрэг асуудлыг төсөлд тусгахыг дэмжсэнээр намрын чуулганы эхэнд нэгдсэн хуралдаанаар уг асуулыг хэлэлцэхээр боллоо.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийг шинэтгэх багц хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын гарын дарга Д.Баттулга хийв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-15-нд Төрийн ордонд “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс”  чуулганыг хийсэн.  Тухайн үед түүнд  оролцогчид шүүх эрх мэдлийн салбарт тулгарч буй асуудал, түүний гарц шийдлийн талаар  олон санал, зөвлөмж гаргасан юм. Үндэсний чуулганы  зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гарган шүүх, прокурор, цагдаа, хуулийн сургуулиуд, олон улсын байгууллага, өмгөөлөгчид зэрэг өргөн төлөөллийг хамарсан ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд шуурхай ажиллаж шүүхийн тогтолцоог шинэчлэх,  бие даасан, хараат бус байдлыг хангах, хэрэг, маргааныг шударгаар шийдвэрлэх тогтолцоог бий болгохтой холбоотой шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд боловсруулсныг Ерөнхийлөгчийн Тамгын гарын дарга Д.Баттулга танилцууллаа. 

Багц хуульд Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай,  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлуулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай зэрэг шүүхийн тогтолцоо, үйл ажиллагаа болон хуульчийн эрх зүйн байдал, өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ, чиг үүргийг  зохицуулах тухай гэсэн таван хуулийн төсөл багтаж буй аж.

Багц хуулийн төсөл нь шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудлууд болох шүүхийн бие даасан байдал, нээлттэй ил тод байдлыг хангах, шүүхийн зохистой ачааллыг бүрдүүлэх, шүүгч тодорхой хэрэг, маргааны төрлөөр мэргэших, шүүхийн захиргааг бэхжүүлэх, асуудлыг шударга шүүхээр шийдүүлэх Үндсэн хуулийн зарчмыг бодитойтойгоор хэрэгжүүлэх зорилготой юм байна. Шүүхийн тухай хуулийн төсөлд  шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтыг Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэн, шүүхийн бие даасан байдлын баталгааг хангах зохицуулалтыг тусгажээ. Шүүхийн захиргааны тухай хуулийн төсөл нь шүүхийн бие даасан байдaл, шүүхийн өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагааг хангахад нэн  чухал үүрэгтэй шүүхийн захиргааны эрх хэмжээ, чиг үүргийг тодорхойлж, Шүүхийн ерөнхий Зөвлөлийн Үндсэн хуульд заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах эрх хэмжээ, чиг үүрэг, бүтэц, бүрэлдхүүнийг шинэчлэн зохицуулсан байна.

Харин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд шүүгчид тавигдах шалгуур, сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх, огцруулах журмыг тодорхойлон шүүгчийн хараат бус байдлыг хангах баталгааг тусгасан аж. Шүүхийн ажлын ачааллыг багасгах болон хэрэг маргааныг зохицуулах талаар  дэлхийн нийтийн нийтлэг чиг хандлага, Монгол Улсын хэрэгцээг харгалзан  Эвлэрүүлэн зуучлуулах тухай хуулийн төслийг шинээр боловсруулсан гэлээ.

Хуульчийн эрх зүйн байдал, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүний хууль зүйн  үр дагаврыг тодорхойлох, хуульчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагын тогтолцоо, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тогтоож, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шүүхийн шинэтгэлийн хүрээнд авч үзэн боловсруулжээ.

Төслийн танилцуулгаас асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд уг асуудлыг хэлэлцэхийг дэмжин намрын чуулганаар чуулганы нэгсэн хуралдаанд оруулахаар болов. Хуралдааны төгсгөлд Архидан согтуурахтай тэмцэх тухай үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг эрхэм гишүүн Д.Оюунхоролоор ахлуулан байгууллаа.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж