“Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аян нээлтээ хийв

Хуучирсан мэдээ: 2017.10.31-нд нийтлэгдсэн

“Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аян нээлтээ хийв

“Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аян нээлтээ хийв

Олон улсад худалдаа, эдийн засгийн харилцаа, даяаршил эрчимтэй өрнөж буй энэ үед хүний олон улсын хөл хориот өвчин, мал, амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс, хортон шавж, өвчин хил дамжин тархах эрсдэл хэвээр байна. Иймд аль ч улс оронд хилийн хорио цээрийн хяналт шалгалт үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг болсоор ирсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ныг дуустал “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяныг зохион байгуулахаар нээлтийн арга хэмжээг эхлүүллээ.

Сарын аяны хүрээнд хилийн боомт дахь алба, хэлтэс, гүний терминалийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хяналтын чиглэл тус бүрээр гарын авлага, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэлийн бүхий л сувгаар дамжуулан соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх юм.

Түүнчлэн хилийн бүх боомт, терминалиудын хэмжээнд импортлогч, экспортлогч аж ахуйн нэгж, иргэдээс санал асуулга авах, тэдгээрийг сургалтанд хамруулах, боомт, терминаль дээр хамтран ажилладаг бусад хил, хяналтын байгууллагатай хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Аяны хүрээнд экспорт, импортын барааны хяналтад Иргэн таны үүрэг оролцоог нэмэгдүүлж, Монгол Улсын хууль тогтоомжид заагдсан үүрэг, хариуцлагыг ойлгуулж, болзошгүй эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх нь чухлаар тавигдаж байгаа юм.

Хяналтын дээрх чиглэлд Монгол Улсын байнгын ажиллагаатай 26 хилийн боомт, Олон улсын чанартай Буянт-Ухаа, Замын-Үүд, Сүхбаатар, Алтанбулаг боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба, бусад боомтын 13 хэлтэс, гүний гаалийн 16 терминаль, 6 боомтын түргэвчилсэн шинжилгээний лабораторид нийт 354 улсын байцаагч, 25 лабораторийн ажилтан, 37 ариутгагч ажиллаж байна.

Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар нь улсын хилээр нэвтрүүлж буй зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүнд хорио цээр, аюулгүй байдлын хяналт хийж, улсын хилээр хүн мал, амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс нэвтрүүлэхгүй байх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.

Эх сурвалж: МХЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж