Монгол Улсын 2018 оны төсвийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
-Ирэх оны төсвийн хуулийн төслөөр мэдээлэл өгөөч. Алдагдал буурч байгаа юу. Ямархуу төсөл өргөн барив?
–Монгол Улсын 2018 оны төсвийн хуулийг боловсруулахдаа төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,231.4 тэрбум төгрөг, төсвийн нийт зарлага 9,651.9 тэрбум төгрөг, алдагдал 2,420.4 тэрбум төгрөг байхаар төсөөллөө. Төсвийн алдагдлыг 2017 оныхоос 1.5 хувиар бууруулсан. Хэд, хэдэн онцлогтой төсөл гэж хэлж болно.
Нэгдүгээрт, ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудал шүүмжлэл их дагуулдаг учраас сонгон шалгаруулалтаар олгодог болъё. Гүйлгээнээс нь татвараа гүйцэд авдаг байх ёстой гэж үзэн, холбогдох хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан байгаа.
Хоёрт, гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болгоё, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулъя гээд шинээр 59 сургууль, 90 цэцэрлэг барихаар хөрөнгө оруулалтын зардлыг нь төсөвт суулгаж оруулж ирлээ.
Гуравт, инфляцын төвшинтэй нь уялдуулж ахмад настны тэтгэврийг нэмэхэд 119.5 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62 мянга гаруй иргэний тэтгэврийг нэмэхэд шаардагдах 17.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус, тус суулгасан.
Дөрөвт, эрүүл мэндийн даатгалыг тэтгэврийн даатгалын сангаас нь салгаж бие даалгалаа. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалд хуримтлагддаг 400 орчим тэрбум төгрөгийг салбарт нь бүрэн хэмжээгээр нь зарцуулъя гэдэг шийдвэрийг оруулж ирлээ. Энэ өөрчлөлт эрүүл мэндийн салбарыг шинэ шатанд гаргана гэж бодож байна.
-Цалин нэмэх үү. Мөн ирэх оноос “Цалинтай ээж” зэрэг сонгуулийн амлалттай холбоотой хөтөлбөр хэрэгжих ёстой. Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан уу?
-Төрийн албан хаагчдад нөхөн олговор болгож 300 мянган төгрөг олгохоор энэ оны төсвийн тодотголд баталсан. Энэ бол гурван талт хэлэлцээрийн үр дүн гэж ойлгох хэрэгтэй.
Ирэх онд “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжинэ. Сонгуулийн үеэр яригдсан, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан асуудал. 0-3 хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улиралд 240 мянган төгрөг олгохоор хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан.
-Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгож чадах уу?
–Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. Энэ хүрээнд нийт зорилтот бүлгийн 60 хувьд хүүхдийн мөнгийг олгоно гэж тохирсон. 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгох асуудлыг хөндөж ярьж байна.
Учир нь нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгоно гэдэг нь 2014 оны судалгаанд тулгуурлаж гаргасан тоо юм билээ. Гэтэл одоо иргэдийн бодит орлого буурсан, ядуурал 29 хувьд хүрсэн учраас асуудлыг эргэж харах шаардлага байгаа.
–Төсвийн орлого нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалт хийх үү. Жишээлбэл, татвар нэмэх ч гэдэг юм уу?
-Татварын хувь хэмжээг нэмэхгүй. Ний нуугүй хэлэхэд урд хилээр гарч байгаа экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлт үндсэндээ хязгаарлалтад орсон. Тийм учраас ашигт малтмалын үнэ өндөр байх ч 2017 оны төвшиндөө хүрэхгүй. Тээвэрлэлт дээр хийх хязгаарллалт үргэлжилнэ гэж орлогоо тооцсон. Эдийн засгийн өсөлт 4.2 хувь байна гэж үзээд орлоготой холбоотой өөрчлөлтийг нэмж хийсэн.
Нэг сургамж авч байна. 2013, 2014, 2015 онд онд орлогыг хэт өндөр тавьдаг, орлого нь орж ирдэггүй, тэгээд өр үүсгэдэг байсан. Мөн орлогоо хэт доогуур тавьчихаар их мөнгө ороод ирдэг. Тийм учраас төсвийн орлого, зарлагаа бодитой төлөвлөж явах чиглэлийг баримталж ажилласан.
2018 онд арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээлийг аль болох бага авахаар оруулж ирсэн. Төр өөрөө арилжааны банкуудаас их хэмжэний зээл татчихаар арилжааны банкууд иргэд, хувийн хэвшилд олгодог зээлийн хэмжээгээ татчихаж байгаа.
Төсвийн орлогыг орон нутгаар аваад үзэхээр төлөгдөж байгаа татварын орлого буурч байгаа. Энэ бол орон нутагт хөрөнгө оруулалтын идэвхижил буураад царцах талруугаа явж байна гэсэн үг. Тийм учраас орон нутагт очих хөрөнгө оруулалт бүрийг нэмж өгч байгаа. Ойролцоогоор аймаг бүрт 7 тэрбум төгрөг хуваарилна. Нийт 147 тэрбум төгрөгийг орон нутагт хөрөнгө оруулалт хийхээр тусгаж өгсөн гэсэн үг. Энэ нь ажлын байр бий болгож, эдийн засгийг идэвхижүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа.
-Өмч хувьчлалаас хэдий хэмжээний орлого төвлөрүүлэх бол. Төрийн банкийг энэ онд хувьчлах байсныг хойшлуулсан. Ирэх онд хувьчлах уу?
-Өмч хувьчлалыг төсвийн орлогод бүртгэдэггүй. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх тал дээр тусгадаг. Төрийн өмчийн хувьчлах жагсаалыг УИХ батлах ёстой. Тухайлбал, төрийн өмчийг 2016-2020 он хүртэл хувьчлах үндсэн чиглэл гаргаад хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингээд олсон орлогоо төсвийн зарлагыг бүрдүүлэхэд чиглүүлэх хэрэгтэй юм.
Энэ Засгийн газар байгуулагдаад цөөн хонож байна. Цаашдаа том том төслүүд, төмөр замыг хэрхэх вэ зэрэг бодлогыг Засгийн газар гаргаад тууштай хэрэгжүүлж явна.
–Ашигт малтмал, газрын тосны газрыг Сангийн яамны харьяанд шилжүүлэх нь гэдэг зүйл бичигдээд эхэллээ. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?
–Хийх ажил мундсан биш тэгж бужигнуулдаг юм гэж юу байдаг юм бэ. Тэр яриа бол зохиомол. Хүмүүсийн дунд бухимдал үүсгэх гэсэн зүйл болов уу.
Ил тод болгох асуудлыг хууль эрх зүйн хүрээнд тодорхой болгох зохицуулалт хийх шаардлага байгаа.
Жишээлбэл, газар гэхэд инженерийн хийцтэй газар гарын үсэгтэй бол шилждэг. Ил тод болгоод дуудлага худалдаанд оруулъё. Түүнээсээ улс татвар авдаг байя гэдэг агуулгаар хандсан. Лиценз мөн ийм журмаар явна.
-Та болон танай хамаатан садан дунд ашигт малтмалын лицензтэй хүн байгаа юм уу. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд таны төрсөн ахыг лиценз худалдсан гэдэг тайлбар хийгээд байгаа. Үүнээс болж Ерөнхийлөгч таны томилгоон дээр хориг тавьсан гэж ойлгогдсон?
-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Ш.Раднаасэд дарга “Ерөнхийлөгчийн хоригт дурдсан 30 гэр бүл гэдэг юмыг яаж олох вэ” гэсэн. З.Энхболд “Ашигт малтмалын газраас олж болно. Тэрний нэг нь Ч.Хүрэлбаатар” гэж зарласан
Би Ашигт малтмал, газрын тосны газар луу хандсан, лавлагаа авсан. Хариу ирүүлсэн. Түүнд “2017 оны аравдугаар сарын 27-ний өдрийн байдлаар газрын кадастрын бүртгэлийн системд шүүлт хийж үзэхэд Ч.Хүрэлбаатар, Ч. Ганболд, Ч.Гансүх,
Ч.Гантулга гэсэн хүмүүсийн нэр дээр эзэмшдэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани өмнө болон одоогоор бүртгэгдээгүй байна гэдэг тайлбар өгсөн.
Сошиалд ашигт малтмалын лиценз эзэмшдэг компанийн нэрийг гаргасан байна лээ. Түүнд миний нэр дээр болон надтай хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр лиценз байхгүй байгааг олж харсан биз. Ер нь 1000 компанийн жагсаалт гаргасан ч Хүрэлбаатар болон Хүрэлбаатарын ах дүү нар байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Г.ДАРЬ