Ардчилсан намаас өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.
Тус намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр /VII.20/ хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар намын үндсэн дүрмийн дагуу УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн явцад гарсан хууль бус үйлдэлд судалгаа хийж, дүгнэлт гаргах онцгой комиссыг байгуулсан. Онцгой комиссын даргаар УИХ-ын гишүүн Я.Санжмятав, дэр даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ажиллахаар болсон.
Онцгой комисс дэргэдээ штаб байгуулж, сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдлүүдэд дүгнэлт өгч, хуулийн байгууллагуудад хандах, олон нийтэд мэдээлэх чиг үүрэг хүлээн ажиллах юм байна.
Тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэлэхдээ,
-“Өнөөдрийн байдлаар цөөнгүй тойрогт нэг өрх дээр гэр бүлийн гишүүн бус олон хүмүүс нэмэгдэн, сонгууль өгсөн нь батлагдсан. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороон дээр нэг өрх дээр 51 сонгогчийг бүртгэсэн байна. Зөвхөн энэ тойрог дээр давхардсан тоогоор 2000 гаруй сонгогчид айл өрхүүд дээр нэмэгдсэн бүртгэгдсэн. Ямар учраас сонгогчийг ийм байдлаар бүртгэв гэдгийг тогтоох ёстой. Энэ бол зарга хийж байгаа асуудал биш. Төрийн эрх мэдлийг хууль бусаар олж авах гэсэн гэмт хэрэг гэж үзэж байна” гэв. Яг энэ асуудлаар Ардчилсан намыхан холбогдох байгууллагуудад хандахаар болжээ.
“Давхар дээл”-ийг эсэргүүцэж, талбай дээр нөмгөн дээлтэй шоу хийж явсныг нь Ардчилсан намынхан МАН-д санууллаа.
Тэрчлэн УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олон буюу 65 суудал авсан МАН засгаа хэрхэн бүрдүүлэхийг Ардчилсан нам анхааралтай ажиглаж байгаагаа хэллээ. Тус намын зүгээс эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавина гэдгээ мэдэгдлээ. Хамгийн эхний жишээ гэхэд л МАН мөрийн хөтөлбөрийнхөө 4.1.2 дахь “Төсвийн байгууллагын тоог цөөлж, төрийн албаны хуваарлилтыг оновчтой болгоно” гэсэн заалтаа зөрчиж байгаа. Яамдын тоог 13, сайд нарын тоог 16, дэд сайдууд 13 байхаар оруулж ирсэн нь өөрсдийнх нь өмнө хэлж ярьснаас зөрж байна гэдгийг хэлэв.
“Давхар дээл”-ийг эсэргүүцэж, талбай дээр нөмгөн дээлтэй шоу хийж явсныг нь Ардчилсан намынхан МАН-д санууллаа. Тэрчлэн дэд сайдын суудлыг бий болгож, Төрийн өмчийн хороог дахин байгуулахаар оруулж ирсэн нь "Том төрөөс ухаалаг төр рүү шилжих" биш харин ч ухарсан алхам боллоо гэж дүгнэж байгаа аж.
Мөн тус намын зүгээс төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахыг МАН-аас шаардах болно гэдгээ дуулгав.
Б.БАТ