Ардын намд ч шинэчлэл хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2016.07.21-нд нийтлэгдсэн

Ардын намд ч шинэчлэл хэрэгтэй

Долоо дахь удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан намд ганцхан шинэчлэл хэрэгтэй байгаа юм биш ялалт байгуулсан Монгол ардын намд ч шинэчлэл хийх цаг нь иржээ.

Тэгвэл улс төрийн энэхүү хоёр том намын шинэчлэл өнөөдөр гарааны яг ижил түвшинд зогсож байгааг улстөрчид төдийгүй олон нийт ч ярьж, хэлж байна. Нэг үгээр хэлбэл, улс төрийн хоёр том нам үзэл бодол, итгэл үнэмшлээрээ өөр хоорондоо адилгүй хэдий ч намын шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоо сул байгаагаараа яг адилхан нөхцөлд оржээ. Засгийн эрхийг шилжүүлж өгсөн АН болон Засгийн эрхийг өвөртөлсөн МАН хоёр хоёулаа улс төрийн шинэ, залуу, боловсон хүчин бага, бараг л байхгүй гэж хэлэхэд болно.

Үүнийг бид энэ удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нөхдүүдийн хэн нь хэн бэ гэдгээс хэнээр ч хэлүүлэлтгүй олж харсан. Учир нь, УИХ-ын сонгуулийн ихэнх тойрогт АН, МАН-аас нэр дэвшиж байгаа нөхдүүд энэ, тэр гэлтгүйгээр өмнө нь хаана ямар ажил хийж явсан, нийгэмд тустай ямар шийдвэрийг гаргаж байсан нь бүрхэг нэр дэвшигчид байв. Гагцхүү хоёр том намын нүүрийг парламентад олон жил заларсан, эсвэл төрийн өндөр албан тушаал хашиж, сайн хийгээд муугаараа хэвлэлээр олонтоо "чичлүүлж" явсан эрхмүүд л тахалсан нь үнэн. Үр дүнд нь иргэд, сонгогчид дотроос хатгах олон асуулттай сонгуульдаа оролцсон билээ.

Улс төрийн хоёр том нам үзэл бодол, итгэл үнэмшлээрээ өөр хоорондоо адилгүй хэдий ч намын шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоо сул байгаагаараа яг адилхан нөхцөлд оржээ.

Тэгвэл дээрх асуудлыг шалтгаан нь улс төрийн хатуу тоглоомоор олон жил тоглосон, одоо ч тоглож яваа цөөхөн тооны улстөрчидтэй нь холбоотой байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн МАН-ын хувьд л гэхэд 65 гишүүний дийлэнх нь хууччуул байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, өнөөх л үлэг болсон хийгээд парламентад тав, зургаа, долоо дахь удаагаа сонгогдож байгаа, улс төрийн залуу үедээ халаагаа тавьж өгдөггүй Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, С.Батболд гэх мэтийн хууччуул улс төрийн өнгийг, С.Баяр, Д.Дэмбэрэл гэх мэт нөхдүүд намынхаа нүүр царайг "тахалж" сууна. Эдгээрээс гадна ядарсан цагт нь нүүр буруулж, ялсан үед нь намынхаа бөөрөнд нь ирээд наалдчихдаг зарим нэгэн нөхдөөс болж МАН-д чадварлаг, чадалтай, тэнхээтэй шинэ залуу улстөрч гарч ирэхгүй байгаа талаар гомдоллож байна. Гарч ирэх боломжийг нь ч олгохгүй байж мэдэх юм.

Нөгөөтэйгүүр үнэмлэхүй ялалтыг байгуулж төрийн эрхийг атгасан МАН энэ байдлаасаа гарч, шийдвэр гаргах дээд түвшиндээ чадалтай, мэдлэгтэй залуусын дуу хоолойг шингээж чадахгүй бол унах, сэхэхийн заагт зогсож байгаа Ардчилсан намын араас орохыг үгүйсгэж боломгүй.

Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж