
Дархан-Уул аймагт вирусаар үүсдэг цочмог явцтай, адууны халдварт томуу өвчин гарчээ. Баяр наадам эхэлсэн энэ үед зөвхөн Дархан гэлтгүй төвийн бүсийн Сэлэнгэ, Орхон, Булган зэрэг аймагт томуугийн тархалт нэмэгдсээр байгаа гэнэ. Адууны биеийн халуун 39-40 хэм хүрч, хүчтэй ханиалгах, чичирч зогсох, ил харагдах салст бүрхүүлүүд нь үрэвсч улайх, хамраас нь салслаг шингэн нус гоожих, ноймоорч зогсох зэрэг шинж тэмдэг илэрдэг ажээ. Наадам эхэлсэн болохоор уяачид өвчтэй адуугаа уралдуулж болзошгүй гэнэ. Иймээс томуу туссан бол адуугаа юун түрүүнд эмчлүүлэх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагуудаас уяачдад анхаарууллаа. Томуугаар өвчилсөн адуунд 7-14 хоногийн эмчилгээ хийн бүрэн эдгээдэг ажээ.
М.Дэлгэржаргал