Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг зөвшилцөхөөр өнгөрөгч мягмар гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан. Засгийн газрын бүтцийг 13 яам, 16 сайдтай байхаар хуулийн төслийг боловсруулсан. Тэгвэл сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд агентлагуудыг зураглажээ. Үүгээр Гааль, Татварын ерөнхий газар тусдаа байгуулагдаж, харин Ашигт малтмал, газрын тосны газар нэгдэж нэг агентлаг болохоор болоод байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Засгийн бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийжээ. Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдын оруулж ирсэн Засгийн бүтэц бүрэлдэхүүнтэй заримтай нь санал нийлэхгүй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ “Аж үйлдэрийн яамыг татан буулгаж, тарааж байгааг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа. Аж үйлдвэрийн яам яагаад чухал вэ гэвэл эдийн засгийн бие даасан байдлаа хангая гэвэл Монгол үйлдвэрлэгч орон болох ёстой. Ерөнхий сайдын оруулж ирсэн санал ямар нэгэн тооцоо, судалгаа байхгүйгээр яамдын нэр, агентлагуудын нэрсийг өөрчилсөн байгаа. Оруулж ирсэн 81 хуудас материалд ямар нэгэн тоо байхгүй” гэжээ.
Монгол улсын Ерөнхий сайд шинээр байгуулагдах Засгийн газрын бүтцийг зөвшилцөх саналаа Ерөнхийлөгчид танилцуулсан. Харин Ерөнхийлөгчийн зүгээс санал зөрөлдөөнтэй байгаа асуудлуудаа илэрхийлсэн. Бодлогын яамдын тоог нэмэгдүүлсэн, Аж үйлдвэрийн яамыг татан буулгасан, төрийн албыг их хэмжээгээр бужигнуулах бүтэц хийсэн зэрэгт Ерөнхийлөгч дургүй байгаа юм. Тэрээр өгсөн хариундаа дээрх асуудлуудаар өөрийн байр сууриа илэрхийлээд, Засгийн газрын бүтцийн талаарх саналаа дахин танилцуулна уу гэсэн. Эрх баригчид Ерөнхийлөгчийн саналд ямар хариу өгөхийг олон нийт харж байна.
Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг ирэх аравдугаар сарын 19-ний өдөр явуулахаар УИХ баталсан. Үүнтэй уялдуулан нийслэлийн Аудитын газраас дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээг өчигдөр зарлалаа. Тус газраас нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээ нэг тэрбум 142.5 сая төгрөг байхаар тогтоожээ.
Эрүүл мэндийн салбарын царцсан барилгын жагсаалтад Түлэнхийн төв нэгдүгээрт бичигдэж байна. Энэ жил Түлэнхийн төвийн барилгын ажилд хоёр тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж, эмнэлгийн барилгын гүйцэтгэгчээр “Цаст” констракшн компани шалгарсан билээ. Гүйцэтгэгч компани өнгөрсөн намар барилгын сууриа тавин, карказ босгох ажлыг эхлүүлсэн ч "Санхүүжилт байхгүй" гэсэн шалтгаанаар барилгын ажлаа зогсоосон юм. Түлэнхийн төвийн шинэ барилга хоёр корпусаас бүтэх зураг төсөлтэй. Зураг төслийн дагуу эмнэлгийн барилгыг барихад 26 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг гүйцэтгэгч компаниуд гаргасан. Гэвч УИХ-аас дээрх хөрөнгийг нэг дор гаргаж чадахгүй гэжээ. Тиймээс барилгыг барих зардлыг УИХ жил бүр бага багаар тасалж, төсөвт суулган шийдэх юм.
Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 50 тамирчныг Рио-гийн олимпод өрсөлдүүлэхээр болсон баярт үйл явдал тохиож буй. Ирэх сарын 5-нд Бразилийн Рио де Жанейрод эхлэх Олимпийн наадамд хурд, хүчээ сорих тамирчдаа Монгол Улсын төрийн өндөрлөгүүд өчигдөр 11.30 цагт Чингисийн талбайд үдэн ёсоллоо. Энэ жил Монгол Улсаас Олимпийн наадмын есөн төрөлд 42 тамирчин оролцохоор бэлтгэлээ хангасан. Харин Олимпийн наадмын араас залгуулан үргэлжлэх Паралимпийн таван төрөлд найман тамирчин оролцох юм.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй Монголын рок попын “Алдрын од” одонгийн эзнээр “Харанга” хамтлаг тодорчээ. Тус хамтлагийг “Хонхны дуу” клубийн зүгээс 100 сая төгрөгөөр шагнасан байна. “Алдрын од” тоглолтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн тоглолт энэ сарын 30-ны өдөр Чингисийн талбайд болох юм.
Монголын Үндэсний бөхийн холбоо 2003 онд Үндэсний их баяр наадмын (ҮИБН) тухай хууль гарсантай уялдуулан Зохион байгуулах хорооны даалгавраар тухайн жилийн Улсын баяр наадмын дараа ид барилдаж байгаа 50 хүртэлх насны улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг 2004 оноос гаргадаг үүрэг хүлээсэн билээ. Аваргуудын эрэмбийг Г.Эрхэмбаяр тэргүүлж, Ч.Санжаадамба, С.Мөнхбат удаалж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн мөрдөж эхэлснээр 2008 оноос өмнө олгосон жолооны шар үнэмлэхийг саарал өнгөтэй үнэмлэхээр солихоор болсон билээ. 2006 оноос жолооны шар үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгосон. Тэгвэл 2006 онд үнэмлэх авсан иргэдийн ашиглах хугацаа дуусч байгаа тул энэ оныг дуустал үнэмлэхээ шинэчлэх шаардлагатай юм.
НӨАТ-ын урамшуулал системийн 13 дахь сугалааны тохирлоор 20 сая төгрөг болон дөрвөн сая төгрөг хожсон азтаны төлөөллүүдэд өчигдөр /2016.07.20/ батламжаа гардлаа. Энэ удаагийн тохирлоор 20 сая төгрөгийн гурван азтан тодорсныг албаныхан онцолж байлаа. НӨАТ-ын урамшуулал системээс 13 удаагийн тохирол явуулсан энэ хугацаанд нийт 42 мянган иргэн баримтаа бүртгүүлж, азтан болжээ.