Интернетийн эрин үед шилжихээс өмнө улс орны Засгийн газрууд хилийн чанадад байгаа төлөөлөгчидтэйгөө харилцах хамгийн үр дүнтэй аргыг ашиглах шаардлагатай байсан.
Хүйтэн дайны үеэр тагнуулуудтай мэдээлэл солилцоход ашигладаг байсан аргыг Хойд Солонгос дахин ашигласанд Өмнөд Солонгосын албан хаагчид гүнээ харамсч байгаагаа илэрхийлсэн байна.
Сүүлийн хэдэн долоо хоногт учир битүүлэг тооны цуврал бүхий мэдээг Хойд Солонгосын радиогоор хоёр удаа дамжуулсан байна.
Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгч хэлэхдээ ”Хойд Солонгосын радиогоор дамжуулсан учир битүүлэг тоон мэдээллийн талаар тодорхой дүгнэлт хараахан гаргаагүй байна. Гэвч бид ийм хоцрогдсон арга ашиглахаа болихыг шаардах болно” гэсэн аж.
Радиогоор ямар мэдээлэл дамжуулсан бэ?
12 минутын турш үргэлжилсэн эл нууц мэдээлэл шөнө дундад эхэлсэн бөгөөд эмэгтэй хүний хоолойгоор “Би судалгаа,шинжилгээний төлөөлөгч дугаар 27-д нарийвчлан шалгах даалгавар өгөх болно” гэсэн аж. Үргэлжлүүлэн “459 хуудасны дугаар 35, 913 хуудасны дугаар 55, 135 хуудасны 86, 257-р хуудасны хоёр” гэсэн байна.
“Ассошиэтэд Пресс”-ийн мэдээлснээр зургадугаар сарын 24-нд дээрхтэй ижил мэдээллийг хоёр минутын турш мөн радиогоор дамжуулсан аж.
Тоон мэдээлэл ямар утгатай байсан бэ?
Өмнөд Солонгосын нууц албаны удирдлагууд тоон кодыг тайлахыг хичээж байгаа бөгөөд “өдөөн хатгалга” байж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаа аж.
Ингэж мэдээлэл дамжуулах нь хүйтэн дайны үеэр түгээмэл байжээ. Тагнуулуудад кодолсон захиагаар мэдээлэл дамжуулах, сонор сэрэмжгүй байгаа бусад туршуулуудад мэдээлэл дамжуулахад их ашигладаг байсан бөгөөд тагнуулууд код тайлах номыг ашиглан дээрх тоонуудыг харгалзах тушаал болон үйлдэл рүү хөрвүүлдэг байсан аж.
Өмнөд солонгосын “Ёнхап” агентлагийн мэдээлснээр кодолсон мэдээллийг интернетээр дамжуулдаг болсноос хойш буюу 2000 оноос учир битүүлэг радио дамжуулалтыг ашиглаагүй байсан аж.
Яагаад Хойд Солонгос үүнийг ашиглах болов?
Хоёр улсын хооронд гарсан зөрчилдөөнийг улам хурцатгасан асуудал бол Хойд Солонгосын цөмийн зэвсэг болон пуужингийн туршилт явуулсны хариуд олон улсаас Хойд Солонгосын эсрэг хориг тавьсан. Тэгвэл үүний дараахан эл радио дамжуулалтыг хийсэн аж.
Энэ сард Өмнөд Солонгос болон АНУ пуужингаас хамгаалах системийг тараан байршуулах гэрээг үзэглэсэн билээ. Үүнд хилэгнэн Пхеньянаас ийн хариу үйлдэл үзүүлж байна хэмээн холбогдох албаны хүмүүс үзэж байгаа аж.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: BBC