“Давхар дээл шиг муухай зүйл байхгүй”

Хуучирсан мэдээ: 2016.07.20-нд нийтлэгдсэн

“Давхар дээл шиг муухай зүйл байхгүй”

  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Засгийн бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдын оруулж ирсэн Засгийн бүтэц бүрэлдэхүүнтэй заримтай нь санал нийлэхгүй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ “Өмнөх УИХ-д хэлэлцэж байсан Засгийн газрын бүтцийн талаарх үзэл санаатай нийцэхгүй байгаа учраас үүнийг дэмжихгүй гэсэн. Мөн Аж үйлдэрийн яамыг татан буулгаж, тарааж байгааг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа. Аж үйлдвэрийн яам яагаад чухал вэ гэвэл эдийн засгийн бие даасан байдлаа хангая гэвэл Монгол үйлдвэрлэгч орон болох ёстой. Гэтэл үүнийг үгүй хийж байгааг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа. Ерөнхий сайдын оруулж ирсэн санал ямар нэгэн тооцоо, судалгаа байхгүйгээр яамдын нэр, агентлагуудын нэрсийг өөрчилсөн байгаа. Оруулж ирсэн 81 хуудас материалд ямар нэгэн тоо байхгүй. Эдийн засгийн үр ашиг нь ямар байх юм гэсэн ямар нэгэн тооцоо судалгаа алга. Төр засгийн залгамж бодлогыг хангасан Засгийн бүтцийг оруулж ир гэсэн санал хэлсэн юм” гэлээ.

Тэрбээр сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулахдаа “ Улс орны эрх ашгийн үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч саналаа хэлэх үүрэгтэй. Харин Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах эсэхийг тухайн улс төрийн нам өөрөө мэдэх эрхтэй байх. Гэхдээ ард түмний ой санамж сайн байдаг. Хэн өмнө нь юу болж байсан, одоо юу хэлж байгааг дэнсэлж үзэх байх гэж бодож байна.  Засгийн газраас орж ирсэн саналаар Тахарын албыг татан буулгаж байгаа. Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын дэргэд дахин сэргээж байгуулах жишээтэй.

Монгол Улс бол нэг айл. Төр засгийн бүтэц бүрэлдэхүүн нь байнга өөрчлөгдөөд байх нь улс орны хөгжилд муу байдаг. Өнгөрсөн онд нэг гадаадын хөрөнгө оруулагч надад хэлж байсан. Хоёр жил ярьж байсан ажилаа дахин ярилцах гэхэд сайд нь бас яам нь алга болчихсон байна гэж байсан. Манайх шиг ойр, ойрхон яамдынхаа нэрийг өөрчилдөг орон хаана ч байхгүй. Ийм буруу жишгийг өөрчилмөөр байна” гэсэн юм.

“Тогтвортой яам, агентлагийн дэмжиж байгаа. 27 агентлагаас 14 агентлаг нь өөрчлөгдөөгүй байгаа. Төр засаг нь тогтворгүй байна гэдэг олон юмны тогтворгүй байдлын үндэс болдог. Тахарын албыг цагдаагийн байгууллагад шижлүүлэхээр байгаа. 81 хуудастай материал ирсэн. Бид нар төр засгийн ажлыг тогтвортой явуулахын тулд  багцалж, бодлогын шинжтэй санал өгсөн.  Чухамлаа давхар дээл шиг муухай юм байхгүй гэж ярьж байсан хүмүүс шүү дээ” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэллээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж