Жолооны шар үнэмлэхийг он дуустал солино

Хуучирсан мэдээ: 2016.07.20-нд нийтлэгдсэн

Жолооны шар үнэмлэхийг он дуустал солино

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн мөрдөж эхэлснээр 2008 оноос өмнө олгосон жолооны шар үнэмлэхийг саарал өнгөтэй үнэмлэхээр солихоор болсон билээ. 2006 оноос жолооны шар үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгосон. Тэгвэл 2006 онд үнэмлэх авсан иргэдийн ашиглах хугацаа дуусч байгаа тул энэ оныг дуустал үнэмлэхээ шинэчлэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, 2006 онд авсан бол энэ оныг дуустал, харин 2007, 2008 онд үнэмлэхтэй болсон бол 2017, 2018 оныг хүртэлх хугацаанд үнэмлэхээ шинэчлэх шаардлагатай.

Албаныхны мэдээлж буйгаар 2008 оноос өмнө жолооны шар үнэмлэх авсан 200 мянган иргэн бий. Энэ 200 мянган иргэн үнэмлэхээ саарлаар солих үйл явц үргэлжилж байгаа. Одоогоор 40  хувьтай үргэлжилж байгаа гэлээ.

Иргэд жолооны шар үнэмлэхээ солих бол дараах бичиг баримтыг бүрдүүлж Лицензийн төвд хандана.

  • Иргэний үнэмлэхний хуулбар

  • Жолооны шар үнэмлэхний хуулбар

  • Мөнгө тушаасан баримт

зэргийг Лицензийн төвд бүрдүүлж өгнө. Харин эрүүл мэндийн хуудас, хүсэлтийг заавал гаргах шаардлагагүй болжээ.

Жолооны шар үнэмлэх солиход олон бичиг баримт бүрдүүлж, олон хоног саатахгүй гэдгийг албаныхан сануулж байна. Тиймээс иргэд жолооны шар үнэмлэхээ энэ ондоо багтаж солиулах шаардлагатай гэдгийг санууллаа.

Дашрамд дуулгахад, хэсэг хугацаанд саатаад байсан жолооны үнэмлэх хэвлэлт өнгөрөгч даваа гаригаас эхэлжээ. Одоогоор Лицензийн төвд 40 орчим мянган жолооны үнэмлэх хэвлэлт хүлээж байгаа аж. Мэргэжилтний мэдээлснээр Лицензийн төвийнхөн бүх бэлдцээ авсан учраас ажлын цагаа уртасган жолооны үнэмлэх хэвлэж байгаа гэлээ. Өдөрт л гэхэд 500-1000 жолооны үнэмлэх хэвлэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж