Зарчмын ямар шийдэлд хүрсэн талаар тус намын бүлгийн дарга Ч.Сайханбилэгээс дараах асуултад хариулт авлаа.
-Бүлгийн ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдлийн талаар тодруулахгүй юу?
-Дөнгөж сая УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаанаа хийлээ. Өнөөдөр бас намуудын удирдлага, Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч мөн чуулган хаахтай холбогдуулж, санал бодлоо хэлсэн. Энэ асуудлыг хэлэлцсэний үндсэн дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг, бүлгийн ахлагч нарын гарын үсэг зурсан асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Дээрээс нь УИХ-ын чуулган хаахад хуулиар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг асуудлыг хэлэлцье. Мөн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталж гаргая. Цаг үеийн тулсан асуудал болох Оюутны сургалтын тэтгэлэг, Шүүхийн багц хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжээд УИХ-ын хаврын чуулганаа хаая гэдэг дээр бүлэг санал нэгдлээ. Саналаа УИХ-ын дарга болоод МАН-ын бүлгийн дарга нарт уламжиллаа. Ямар ч байсан энэ чиглэлээр УИХ-ын дарга болоод МАН-ын бүлгээс тодорхой чиг өгөх байх.
-УИХ-ын хаврын чуулганыг хэдий хугацаанд завсарлуулна гэсэн үг вэ. Зөвшилцлийн ажил хэсэг цаашид яах вэ?
-Хаврын чуулган хуулиараа долдугаар сарын 1-нд завсарлах ёстой байсан. Гэхдээ УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд долдугаар сарын 9-нийг дуустал чуулган хуралдуулж хаахаар сунгасан. Энэ хүрээндээ бид хуралдаад дээр хэлсэн асуудлаа хэлэлцээд шийдэх боломжтой. Харин эцсийнхээ байр суурийг олоогүй УИХ-ын Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, санал асуулга гэсэн энэ чиглэлүүдээр УИХ-ын завсарлагааны хугацаанд ажлын хэсэг үргэлжлүүлж ажиллана. Ээлжит бус чуулган зарлавал энэ асуудлыг хэлэлцэнэ. Хэрэв ээлжит бус чуулган хийхгүй, намрын чуулган шууд зарлахаар бол энэ асуудлаа хамгийн тэргүүнд хэлэлцэхээр болж шийдэл гаргалаа.
-Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг хөндсөн үү?
-Хоёр бүлгийн ахлагчийн хооронд тохирсон, намар энэ асуудлаа эргэж яръя, эргэж ярихдаа нутаг дэвсгэр, хүн амынхаа тооллогын дүнд харгалзаж энэ асуудлаа хэлэлцье гэдэг санал дээр тогтсон. Тийм учраас үргэлжлүүлж энэ чиглэлээр ажиллана.
-Одоо байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан зарлахад Ардчилсан намын бүлэг хуралдаандаа шууд оролцоод явах боломжтой гэж ойлгож болох уу. Эсвэл МАН-ын бүлгийн шийдвэрийг бас давхар харах уу?
-Хэрвээ манай Ардчилсан намын бүлгийн саналыг МАН-ын бүлэг зөвшөөрөх юм бол УИХ-ын Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороонууд хуралдах ёстой. Тэгээд чуулганы нэгдсэн хуралдаан зарлагдаад дээрх таван асуудлыг хэлэлцээд чуулган хаана гэсэн үг.
-Тавантолгойн төсөл ороод ирвэл яах вэ?
-Тавантолгойн төсөл жичдээ асуудал. Хэрвээ ээлжит бус чуулганыг хуралдуулна гэвэл тэр үед нь ярьж байгаад байр суурь гарах байх.
-Ээлжит бус чуулганыг төдий үед зарлаж магадгүй гэсэн урьдчилсан тов гарсан уу?
-Тавантолгойн төсөл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрынхаа шат дамжлагыг бүгдийг дуусгаад УИХ-ын даргад өргөн баригдана. Тэр үед УИХ-ын дарга өөрийнхөө захирамжаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах ёстой. Цаг хугацааны хувьд энэ хүрээнд л ойлгох ёстой.