Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 50 тамирчныг Рио-гийн олимпод өрсөлдүүлэхээр болсон баярт үйл явдал тохиож буй. Ирэх сарын 5-нд Бразилийн Рио де Жанейрод эхлэх Олимпийн наадамд хурд, хүчээ сорих тамирчдаа Монгол Улсын төрийн өндөрлөгүүд өнөөдөр 11.30 цагт Чингисийн талбайд үдэн ёсоллоо.
Энэ жил Монгол Улсаас Олимпийн наадмын есөн төрөлд 42 тамирчин оролцохоор бэлтгэлээ хангасан. Харин Олимпийн наадмын араас залгуулан үргэлжлэх Паралимпийн таван төрөлд найман тамирчин оролцох юм. Үдэлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, УИХ-ын гишүүн, 1988, 1992, 2000 олимпийн наадамд оролцож, Монгол Улсын багийн тугчаар гурван удаа сонгогдож байсан Б.Бат-Эрдэнэ, Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар, хотын Захирагч С.Батболд нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчдад хандан, гол нь хувийн зохион байгуулалтаа өндөр түвшинд хангахыг захиад амжилт хүсч, хүндэтгэл үзүүлсэн юм. Ингээд Рио-гийн олимпийг зорих тамирчдаа төлөөлөн Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн, бөхийн жүдо барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээний хүрэл медальт МУГТ Д.Сумъяа, Инчеон-2014 Азийн зуны спортын наадмын аварга, боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, ОУХМ Д.Отгондалай нар тангаргаа уншлаа. Тэд “Зуны олимпийн наадамд үнэнч шударга өрсөлдөн, эв нэгдэл, нөхөрлөлийг хүндэтгэн дээдэлж, тамирчны ёсзүй, дүрмийг сахин биелүүлж, сэргээш болон хориотой зүйл хэрэглэхгүй. Монгол эх орныхоо нэр төрийг эрхэмлэн спортын өндөр амжилт гаргахын төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулахаа Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдын өмнөөс тангараглая” хэмээн уншлаа.
Ингээд Олимпийн хөгжлийг дэмжих сангаас Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит үндэсний цомыг аялуулсан хишгийн дээжийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчдад гардууллаа. МУГТ С.Батцэцэг, ОУХМ Г.Нандинзаяа, ОУХМ М.Анхцэцэг, МУГТ Д.Баатаржав нарт энэхүү хишгийн дээжийг гардуулж өгсөн юм.
Үүний дараа Монгол Улсын ерөнхийлөгч улсын бэлгэ тэмдэг болсон төрийн далбааг мандуулж Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатарт гардуулж өглөө. Ингээд энэ жил Монголын шигшээ багийн тугчаар тодорсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Баттулгын Тэмүүлэн төрийн далбаагаа намируулан тамирчдын амжилтын “ташуур”, омогшлын эх ундаргыг тавилаа.
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулахаар зориг шулуудсан тамирчдаа үдэх ёслолд олимпийн медальтнууд ч иржээ. МУГТ П.Сэрдамба, МУГТ Э.Бадар-Ууган, МУГТ У.Мөнх-Эрдэнэ зэрэг олимпийн наадмын медальтнууд ирж, амжилт хүсч, баяр хүргэсэн юм.
Рио-гийн олимпод эх орноо төлөөлөн өрсөлдөх баг тамирчдын нэрсийг ЭНД-ээс харна уу.
Ингээд Олимп болон Паралимпэд оролцох тамирчдын сэтгэгдлийг сонслоо.
- Рио-гийн олимпод оролцох болсондоо баяртай байна. Бэлтгэл бүрэн хангагдсан. Тактик, техникийн барилдаануудаа хийгээд долоо хоногийн дараа Рио-г зорино. Долоо хоногийн өмнө очиж уур амьсгалд дасан зохицох ажил бий. Рио-д өмнө нь дэлхийн аваргаар нэг очиж байсан. Энэ удаад хоёр дахиа очих гэж байна. Рио-гийн олимпод Монголын баг тамирчид медаль арвинтай ирэх байх гэж бодож байна.
- Бэлтгэл сургуулилалт сайн байгаа. Бидэнд амжилт хүсч, гаргаж өгч буй Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа.
- Боксын зургаан тамирчин олимпод оролцоно. Миний хувьд 69 кг-ын жинд оролцоно. Бидний хувьд Хандгайтад бэлтгэлд гарсан байна. Ирэх Ням гаригт Рио де Жанейрод очно. 12 хоногийн өмнө очиж, бэлтгэл сургуулилалтаа хийгээд тэмцээндээ оролцоно. Энэ жилийн олимпийн хувьд Өмнөд Америк тивд болж байна. Цагийн зөрүү ихтэй. Бид өмнө нь очиж байгаагүй учраас ямар байгааг мэдэхгүй.
- Миний хувьд Паралимпэд паражүдогийн 60 кг-ийн жинд оролцоно. Өмнөх олимпод оролцож чадаагүй. Энэ удаагийнх нь анхны олимп. Бэлтгэл сургуулилтаа жүдо бөхийн шигшээ багийнхантай хамт Хандгайтын шинэ ордонд хийж байна. Бэлтгэл сайн байна. Мэдээж анх удаагийн олимп гэдэг утгаараа өндөр зорилго тавьсан.
Зураглаач: Н.БАТМӨНХ