Хятад жуулчид зорчиж явсан автобусанд гал гарч 26 хүн амь үрэгдсэн хэрэг өнгөрөгч Мягмар гаригт /2016.07.19/ Тайваньд гарлаа. Жуулчид Тайваниар аялчихаад нутаг буцахаар онгоцны буудлын чиглэлд зорчиж явсан аж.
Тайванийн Галын аюлтай тэмцэх үндэсний тусгай албаны төлөөлөгч Лин Куан Чений “Франс Пресс” агентлагт өгсөн мэдээлснээр автобусанд байсан бүх жуулчин амь үрэгджээ. “Осол гарах үеэр яагаад нэг ч зорчигч автобуснаас гарч чадаагүй нь одоогоор тодорхойгүй байна” гэсэн аж.
Харин Хонгконгийн “Өмнөд Хятадын өглөө” сонинд автобусны хаалга хаалттай байсан учир цонхыг нь хоёр залуу хагалахыг оролдож байгаа зураг нийтлэгдсэн байна. Мөн түүнчлэн “Либерти Таймс” сонинд нийтлэгдсэн гэрчийн мэдээнээс харахад автобус замын хажуу руу унахаас өмнө жолооч автобусыг хажуу тийш хүчтэй хазайлгахад тусламж хүсэн зорчигчид автобусны цонхыг нүдсэн аж.
Тайванийн Дотоод хэргийн сайдын мэдээлж буйгаар жуулчдын бүрэлдэхүүнд Хятадын баруун хойд хэсэгт орших Далянь хотоос ирсэн 24 хүн байснаас 3 нь хүүхэд байжээ. Хүйсийн хувьд 15 нь эмэгтэй, зургаан эрэгтэй байжээ. Жуулчдаас гадна автобусны жолооч болон аяллын хөтөч амь үрэгджээ.
Сүүлийн жилүүдэд Тайваньд ирэх хятад жуулчдын тоо эрс өссөн. 2015 оны зургадугаар сард мөн “Trans Asia” компаний нисэх онгоц Тайбэй голд осолдсоноос үүдэн 43 хүн нас барснаас 28 нь Хятадын жуулчид байсан байна. Тус ослын шалтгааныг тогтооход онгоцны нисгэгч буруу хөдөлгүүр унтрааснаас болсон аж.
Үүгээр ч зогсохгүй өмнө нь хэд хэдэн осол гарч байсан бөгөөд Тайванийн холбогдох албанаас аюулгүй байдлыг хангах үүднээс яаралтай арга хэмжээ аваад байгаа аж
Тайванийн Засгийн газрын төлөөлөгч Ма Шиао Гуанг Хятадын Синьхуа агентлагт мэдээлэхдээ “Бид эх газрын элэг нэгтнүүдийнхээ аюулгүй байдалд илүү хариуцлагатай хандах болно” хэмээсэн аж.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK