Төрийн залгамж чанарыг алдагдуулах аюул

Хуучирсан мэдээ: 2016.07.20-нд нийтлэгдсэн

Төрийн залгамж чанарыг алдагдуулах аюул

-Засгийн газрыг байгуулах бүрт агентлагуудаа нэг нийлүүлж, нэг салгаж бужигнуулбал төрийн бодлого залгамж чанар алдагдана-

Засгийн газрыг 13 яам, 16 сайдтай байхаар зурагласан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийг дэмжих боломжгүйгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр /2016.07.20/ мэдэгдлээ.  

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц тооны хувьд асуудал дагуулаагүй боловч агуулга нь Монгол төрийн залгамж чанар, бодлогын шинэчлэл, эдийн засгийн бие даасан байдлыг хадгалах зарчим, МАН-ын ард түмэнд амласан амлалт зэрэгтэй нь зөрчилдсөн учраас дэмжлэг хүлээж чадсангүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг яагаад дэмжих боломжгүй вэ?

Нэгдүгээрт, Үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэх санал нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших боломжийг нэмэгдүүлж байна. Энэ нь УИХ-д олонхи болсон намын Монголын ард түмэнд өгсөн амлалтай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, харилцан хяналттай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй.

Хоёрдугаарт, Үйл ажиллагаа нь жигдэрч, үндэсний үйлдвэрлэгчдийн талархал дэмжлэгийг хүлээж байсан Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь бусад яам руу хуваан хавсаргах саналыг дэмжихгүй байна. Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангахад үйлдвэржилтийн нэгдсэн бодлого зайлшгүй хэрэгтэй болно.

Гуравдугаарт, Төр, засгийн байгууллагын нэр, бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин тогтвортой байж гэмээнэ төрийн бодлого, үйл ажиллагаа залгамж шинжтэй, үр өгөөжтэй байна. Гэтэл эдийн засгийн үр ашиг, тооцоо судалгаагүйгээр, тодорхой ач холбогдолгүй шалтгаанаар яамдын нэрийг өөрчилж, чиг үүргийг өөр хооронд нь шилжүүлэх, мөн Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын бараг тал нь нэр, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөд өртөх санал оруулж ирсэн нь төрийн албыг цалгардуулах, төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор халж сэлгэх, төр, засгийн үйл ажиллагааны залгамж шинжийг алдагдуулах, Монгол төрийн ой санамжийг саармагжуулах зэрэг олон сөрөг үр дагавар дагуулах санал гэж үзэж байна” хэмээжээ.

Эдгээр үндэслэл зөв. Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд болсон УИХ-ын сонгууль нь Монголын хөгжлийн төлөө, сайн, сайхан амьдралын төлөөх сонголт байсан болохоос биш төрийн албыг бужигнуулаад, мэргэшсэн байдлыг нь сулруулаад, бусниулаад өг гэсэн сонголт биш юм. Тэр тусмаа МАН-ын хэдэн нөхөрт зориулж сайдын суудал гаргаж өгөхийн төлөөх сонголт байгаагүй.

Гэтэл Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд тусгаснаар Гааль, Татварын ерөнхий газрыг салгах аж. Уг нь өнгөрсөн 1.8 жил орчмын хугацаанд төрийн албыг хэрхэн цомхон, чадварлаг бүтцээр удирдаад байж болох юм бэ гэдгийн жишээг Гааль, Татварын ерөнхий газар харуулж буй. Энд асар том бодлогын шинэчлэл хийгдэж байгаа. Эл шинэчлэл үргэлжлэх ёстой. Шинэчлэл үргэлжлэх ёстойг, мөн цомхон чадварлаг багаар агентлагийг ажиллуулах ёстой гэдгийг энэхүү мэдэгдлээрээ иш болгосон Ерөнхийлөгчийн байр суурь зөв.

Засгийн газрыг байгуулах бүрт агентлагуудаа нэг нийлүүлж, нэг салгаж бужигнуулбал төрийн бодлого залгамж чанар алдагдана.

Дээр нь МАН-ынхан ард түмэндээ амласан амлалтаасаа няцав. Засгийн газрын танхимыг “Давхар дээл”-тэй сайд нараар аль болох бага бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 10-аадхан хоногийн өмнө чуулганы индэр дээрээс зарласан. Ямар амархан хэлсэн үгнээсээ буцав аа. Үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэгдүүлснээр “Давхар дээл”-тэй сайд нарын тоо нэмэгдэх болоод байна. Энэ нь цаад агуулгаараа хүнд зориулж, яамны бүтцийг зурсан гэсэн үг юм.

Өнгөрсөн дөрвөн жилийн турш “Монголын гадаад худалдааны алдагдал хэрээс хэтэрлээ. Үндэсний үйлдвэрлэлээ яагаад дэмжихгүй байна вэ. Монголын эдийн засаг гаднаас хараат боллоо” гэж хэмээн ханатал шүүмжилчихээд яагаад Аж үйлдвэрийн яамыг татан буулгахаар Засгийн газрын бүтцийг зурав. Монголд үндэсний үйлдвэр хэрэггүй, Монголд Оюутолгой, Эрдэнэтийн зэсийг боловсруулах үйлдвэр барих шаардлагагүй, Монголд нефтийн үйлдвэр байгуулах хэрэггүй болсон гэж үү.

Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдахад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, “Монголчууд бүтээгч орон болох ёстой” хэмээн мэдэгдэж байв. Энэхүү байр сууриндаа хатуу зогсож, эдийн засгийн бие даасан байдлаа хадгалах ёстойг сануулсан Монгол Улсын Ерөнхийлөгчдөө мянга, мянган үндэсний үйлдвэрлэгчдийн өмнөөс талархал илэрхийлье.

Өнгөрсөн хугацаанд үндэсний үйлдвэрлэл олноор бий болж, монголчууд хадаасаа, консервны лаазаа үйлдвэрлэж, мөн цементийн хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангах бололцоо бүрдэж, импортын ижил төрлийн бараанаас дотоодынхоо үйлдвэрлэлийг хамгаалах дархлаа суусан нь Ерөнхийлөгчийн зарлигийн үр дүн. Үүнтэй мянга, мянган үйлдвэрлэгч санал нэгдэнэ.

Одоо Монголын ард түмэн МАН-ыг Ерөнхий сайдыг хэлсэн амлалтандаа хүрэх эсэхийг харах л үлдлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж