Ньюком Групп БНСУ-ын Цахилгаан Эрчим Хүчний Корпораци (КЕПКО) болон Японы Софтбанк Групптэй Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах Санамж Бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2016.07.20-нд нийтлэгдсэн

Ньюком Групп БНСУ-ын Цахилгаан Эрчим Хүчний Корпораци (КЕПКО) болон Японы Софтбанк Групптэй Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах Санамж Бичигт гарын үсэг зурлаа

Ньюком Групп нь БНСУ-ын цахилгаан эрчим хүчний тэргүүлэгч компани КЕПКО Корпораци болон харилцаа холбооны дэвшилтэт технологи, хэвлэл мэдээлэл, интернэт үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүч зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг үндэстэн дамнасан технологийн корпораци болох Япон Улсын  Софтбанк Групптэй  Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар тохиролцож, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд, талууд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх, урт хугацаандаа 10 ГегаВатт (ГВт)  хүртэлх чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулахад хамтран ажиллахаар болжээ.

Ньюком Групп нь Монголын анхны их чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 50 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Салхит салхин цахилгаан станцыг эзэмшиж, амжилттай ажиллуулж байгаа бөгөөд тус станц нь Монгол улсын анхны бие даасан хувийн эрчим хүч үйлдвэрлэгч юм.

 

Энэхүү санамж бичиг нь сэргээгдэх эрчим хүчний салбарыг тууштай хөгжүүлэх Ньюком Группийн эрхэм зорилгын илэрхийлэл бөгөөд КЕПКО корпораци, Софтбанк Групптэй хамтран Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, улмаар бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч, экспортлогч болох боломжийг нээж байгаа чухал үйл явдал боллоо.

 

Ньюком Группийн тухай

Ньюком Групп нь Монгол Улсад олон улсын шилдэг туршлага, шинэлэг технологийг нэвтрүүлэх эрхэм зорилго тавин ажилладаг ба байгаль орчинд ээлтэй, цэвэр технологи болон дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийдэг  үндэсний компани юм. Ньюком Групп нь харилцаа холбоо, мэдээллийн технологи, санхүүгийн үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүч, үл хөдлөх хөрөнгийн менежмент болон уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулж байна.  Ньюком Групп нь Улаанбаатар хотоос 70 км-т байрлах 50 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Монголын анхны салхин цахилгаан станцыг барьж байгуулан ажиллуулж байна. Түүнчлэн, Олон улсын группуудтэй хамтран 450 MВт-ын чадалтай Дулааны V цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн Газартай ДЦС-5 төслийн Концессийн Гэрээг байгуулаад байна. Компанийн төв оффис нь Улаанбаатар хотноо байрладаг ба дэлгэрэнгүй мэдээллийг www.newcom.mn цахим хуудаснаас авч болно.

БНСУ-ын Цахилгаан Эрчим Хүчний Корпорацийн тухай (КЕПКО)

БНСУ-ын эрчим хүчний тэргүүлэгч компани болох Солонгосын Цахилгаан Эрчим Хүчний Корпораци (КЕПКО) нь анх тус улсын эрчим хүчний хангамжийг сайжруулан, эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хаах, улмаар эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Тус компани нь эрчим хүчний эх үүсвэрийг  барьж байгуулах, цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, эрчим хүчийн хувиргах, түүнчлэн  эрчим хүчний зах зээлийг судлах, шинэлэг технологийн хөгжилд хөрөнгө оруулах, гадаад зах зээлд өрсөлдөх, хөрөнгө оруулалт хийх, компанийн нийгмийн хариуцлага, болон өөрийн үл хөдлөх хөрөнгийг зүй зохистой ашиглах чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулдаг. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлллийг www.kepco.co.kr цахим хуудаснаас авч болно. 

Софтбанк Группийн тухай

Японы Улсын Софтбанк Групп нь шилдэг шинэ санаачлагыг үндэслэн олон улсын мэдээлэл, технологийн салбарт цоо шинэ хувьсгал гаргахыг эрхэмлэн ажилладаг технологийн салбар дах дэлхийн хэмжээний томоохон өрсөлдөгч компани юм. Тус Групп нь Софтбанк Групп Корпораци (Токио: 9984)-аас гадна дэвшилтэт үүрэн харилцаа холбоо, интернэт үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүчний технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад олон улсын салбар компаниудаас бүрддэг. Компанийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.softbank.co.jp цахим хуудаснаас авч болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж