“Хөсөгтөн” наадмын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

“Хөсөгтөн” наадмын нээлт боллоо

МҮЭСТО-д өнөөдөр Монгол түмний язгуур, өв соёлыг дээдэлсэн “Хөсөгтөн” наадам нээлтээ хийлээ. Тус наадам нь Үндэсний их баяр наадмын босгон дээр ардын урлаг, зан заншил соёл түүх, урлагаа дэлгэн харуулж буйгаараа онцлогтой юм. Тус наадмын нээлтийн үеэр “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Д.Ариунболдтой уулзлаа.

-Анх удаа зохион байгуулж буй “Хөсөгтөн” наадмын талаар сонирхуулахгүй юү?

-“Хөсөгтөн” наадмыг Монголын нүүдэлчдийн соёл иргэншлийг харуулсан наадам болгохыг зохион байгуудлагчдын зүгээс зорьсон. Монголчууд эрт дээр үеэс түүх соёлоороо гайхагдсан агуу ард түмэн. Өмсч зүүж, хэрэглэж байсан хувцас нь өөрөө гүн ухаан байдаг. Эдэлж, хэрэглэж байгаа цагаан идээ нь хүртэл хүний бие организмд маш таатай байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ болгонг гадны болон дотоодын үзэгч түмэнд нэг дор цогц болгож хүргэхийн тулд өнөөдрийн энэ наадмыг зохион байгуулж байгаа юм.

-Яагаад заавал үндэсний их баяр наадмын өмнө зохион байгуулах болов?

-“Хөсөгтөн” наадмыг улсын их баяр наадмын босгон дээр хийж буйгаараа онцлогтой. Яагаад эрийн гурван наадмыг нээлт хаалтаар нь хязгаарладаг юм бэ гэсэн асуултын хариуг энэхүү наадам өгч байгаа. Уг наадам маань өөрөө наадмын хүрээнд ороод цаашид зохион байгуулагдах юм бол үзэж харах зүйл ихтэй болно. Наадам бол ард түмний баяр цэнгэлийн дээд гэдэг утгаар “Хөсөгтөн” наадмыг улсын баяр наадмыг угтуулан хийлээ. Тус наадмын хүрээнд үзэсгэлэн худалдаа, хүүхдүүдийн тоглолт зохион байгуулахаас гадна оюунлаг хүмүүс лекц уншина. Наадмын хаалт болгож Монголын үндэсний дуу, бүжгийн чуулгын “Хөсөгтөн” хамтлаг бие даасан тоглолтоо хийнэ.

-Наадмын хүрээнд урлаг соёлын арга хэмжээ үзэсгэлэнгээс гадна шашны зан үйл хийж байгаа юм байна?

-Наадмын бас нэг онцлог нь бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран зохион байгуулж байгаа “Энх амгалангийн хот мандал”  бүтээх ёслол байгаа. Яагаад бурхан шашин, урлаг соёл хоорондоо холбоотой байж болохгүй гэж. Хүмүүсийн оюун санааг ариусгахад яагаад хамтран ажиллаж болохгүй гэж гэсэн үүднээс жилд хоёрхон удаа болдог “Энх амгалангийн хот мандал” хэмээх мундаг том ёслолын арга хэмжээг наадмын хүрээнд зохион байгуулж байгаа. Өнөөдөр 12.00 цагт эхэлсэн энэхүү ёслол маргааш 18.00 цагт өндөрлөнө. Энэ бол нэг ширхэг элс нь нэг лан алттай тэнцдэг буянтай сайхан ажил байгаа. Монголчууд маань эх дэлхий, байгалиа хайрлаж, хамгаалаасай, эрт дээр үеэс байгаль дэлхийтэйгээ ойрхон харьцаж, хайрлан хамгаалж өссөн уламжлалаа битгий алдаасай, бүү мартаасай, сэргээгээсэй гэсний үндсэн дээр “Энх амгалангийн хот мандал”-ыг наадмын хүрээнд бүтээхээр болсон юм.

-“Хөсөгтөн” хамтлаг тун удахгүй Английг зорьж, Английн хатан хааны театрт тоглох гэж байгаа гэсэн. Хэзээ Английг зорих вэ?

-Долдугаар сарын 17-нд явна. Тэгээд 19-нд Их Британи улсад суугаа Монголын элчин сайдын яамнаас зохион байгуулж буй “Монгол хөөмий” симфозимд оролцох юм. Нэг өдрийн энэхүү аян баруун Европ дахь хөөмий судалдаг гадаадын эртэмтэд, оюутан, залуусын оролцох арга хэмжээ юм. “Хөсөгтөн” хамтлаг болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэндаваа ах “Монгол хөөмийн уламжлал” сэдвээр илтгэл тавина. Харин миний бие “Монгол хөөмий 90-ээд оноос хойш: хөгжил ба судалгаа” гэсэн сэдвээр илтгэл тавина. Долдугаар сарын 23-нд 19.30 цагт, 24-нд 11.00 цагт  хоёр удаа Английн хатан хааны театр буюу Алберт рояал холлд тоглолтоо хийнэ.

-Хатан хааны театрт тоглоно гэдэг хэн хүнд олдохгүй завшаан шүү?

-Манай хамтлаг BBC телевизийн урилгаар оны босгон дээр Англид тоглоод ирсэн. Харин энэ удаад Английн хатан хааны театрт тоглоно гэдэг урлагийн хүмүүсийн хувьд нэр хүндийн хэрэг. Тийм ч амар тоглолтоо хийчихдэг газар биш. Өндөр цензур бүхий мэргэжлийн, дэлхийд нэртэй, алдар цуутай хамлаг, дуучид тоглодог. Ийм театрт “Хөсөгтөн” хамтлаг Монголын урлагийг төлөөлж анх удаа оролцох гэж байгаад маш их баяртай байна.

-“Хөсөгтөн” хамтлаг байгуулагдсанаас хойш хичнээн улс орноор аялан тоглосон бэ?

-Манай хамтлаг байгуулагдаад хоёр жил гаруй хугацааг үдлээ. Энэ хугацаанд гадаадын арав гаруй орноор аялан тоглосон. Ер нь “Хөсөгтөн” хамтлаг гэхээсээ илүүтэй Монголын ардын урлаг гэж ярих нь илүү дөхөм. Бидний гол үүрэг бол Монголын ардын урлагийг гадаадын ард түмэнд сурталчлах, судлуулах юм. Бид энэ ажлынхаа төлөө тууштай явж ийм амжилтыг үзүүлж байгаа гэж өөрсдийгөө ойлгодог.

-Баярлалаа. Амжилт хүсье.


“Хөсөгтөн” наадмын хүрээнд Гандантэгчинлэн хийдийн Дүйнхэр дацангаас багасгасан хэмжээгээр “Энх амгалангийн хот мандал”-ыг  бүтээх ёслол болж байгаа юм. Ёслолын үйлийг бүтээж буй гэсгүй лам Ц.Отгоннямтай цөөн хором ярилцлаа.

-“Энх амгалангийн хот мандал”-ыг бүтээхийн утга учир нь чухам юу вэ?

-Шамбалын оронг бүтээж байгаа юм. “Хөсөгтөн” наадмын хүрээнд, наадмын үйл ажиллагаанд зориулан бага хэмжээгээр бүтээж байгаа. Даян дэлхийн энх амгалангийн төлөө болон цаг бусын байгалийн осол, аваараас хамгаалах гээд ач холбогдол ихтэй.

-Хичнээн өнгийн элсээр бүтээдэг юм бэ?

-Богд ламын айлтгаснаар заавал элсээр бүтээсэн байх ёстой. Гантиг чулууг нунтаглан өнгөнд оруулсан элсээр бүтээдэг. Таван өнгийн элс нь бүгд эрдэнийг төлөөлсөн өнгөтэй. Шар гэхэд алт, хөх нь номин, ногоон нь оюу, цагаан нь сувд эрдэнийг бэлгэдсэн байдаг.

-Ийм хэмжээтэй мандал бүтээхэд хэдий хугацаатай шаардлагатай вэ. Дараа нь бэлэн болсон мандалаа хэрхэн өргөх үү?

-Бүтээгээд эргүүлж хурааж аваад гол усанд өргөж, сүсэгтэн олонд хүртээдэг. Арга хэмжээ буюу долдугаар сарын 10-нд Гачууртын хар усан тохойд очиж, Туул голд өргөнө. Үүгээрээ уул, усаа баярлуулан аргадах ач тустай.

-Мандал бүтээж байгаа лам, хуврагууд тусгай бэлтгэгдсэн хүмүүс байдаг уу?

-Далай багшаас тусгай Дүйнхэрийн бан хүртсэн хүмүүс бүтээдэг. Эхэлж тэгийг нь татаад дөрвөн зүг, дөрвөн лам нарийн дэс дарааллын дагуу бүтээдэг. Өнөөдөр Далай багш Вашингтонд Дүйнхэр наадаж байгаа. Түүнтэй давхцуулан энэхүү мандал бүтээх ёслолоо эхлүүлсэндээ баяртай байна.

-Иргэд мандал бүтээх үйлд хэрхэн оролцох вэ?

-Иргэд энэхүү хоёр өдрийн хөтөлбөрийн дагуу энд ирж, ёслолыг үзсэнээр байгаль дэлхийгээ аргадахад их буянтай үйл болно.

Мөн энэ үеэр МҮЭСТО-д үндэсний дээл хувцас, малгай, ширэн цүнх, хэтэвчийн үзэсгэлэн худалдааг дэлгэсэн байлаа. Үүнд хувцас загварын “Шилмэл гоёл”, “Гоёо”, “Эвсэг” брэндүүд өөрийн нэрийг барааны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байсан юм. Түүнчлэн үндэсний хөгжмийн сургалт, үйлдвэрлэл худалдааг ч дэлгэн тавьжээ. Маргааш 20.00 цагт “Хөсөгтөн” хамтлагийн бие даасан тоглолт эхлэх бөгөөд түүгээр энэ удаагийн “Хөсөгтөн” наадам өндөрлөх юм.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж