Дэлхийн усны хэрэглээний ирээдүй бүрхэг байна

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн усны хэрэглээний ирээдүй бүрхэг байна

Хөгжилтэй улс орнууд хөгжиж буй улсуудын усны хэрэглээ, соёлд туслалцаа дэмжлэг үзүүлэхгүй бол эдийн засгийн хөгжил дэлхийн экологи, усны хэрэглээнд сөрөг нөлөө учруулах нь улам бүр нэмэгдэж байна гэж “BBC” агентлаг мэдээллээ. Хэрвээ “төгс шуурга” ирэхийг зогсооё гэвэл хойшлуулшгүй арга хэмжээ авах хэрэгтэй. Хорин жилийн дараа гэхэд дэлхийн хүн амын тоо найман тэрбумд хүрэх бөгөөд дэлхийн хүнс, эрчим хүчний эрэлт 50 хувиар өсөх ба цэвэр усны эрэлт 30 хувиар нэмэгдэх болно гэж тооцоолж байна. Цэвэр усны хэрэглээг зохистой төвшинд байлгахын тулд дан ганц ус биш, мөн ус хэрэглэж үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийн хувьд бодлого хэрэгжүүлэх ёстой гэж байгаль хамгаалагчид ярьж байна. Жишээ нь нэг пинт пиво үйлдвэрлэхийн тулд, доторх найрлагыг нь тооцоолбол 130 пинт /74 литр/ ус хэрэглэх хэрэгтэй. Нэг аяга кофе хийхийн тулд 140 литр ус, нэг ширхэг подволк хийхийн тулд 2,000 литр ус аж үйлдвэрийн зорилгоор хэрэглэж байна.  Их Британийн нэг иргэн өдөрт 150 литр ус дунджаар хэрэглэж байгаа нь томоохон хэмжээний ванны дайтай ус. Усны хэрэглээний ийм хандлага ганцхан Их Британид ч биш хөгжингүй орнуудад нийтлэг байна.
Цэвэр ус зарим орнуудад хомсдолтой байхад тийм орнуудаас ус хэрэглэдэг бүтээгдэхүүн импортолж авах нь хэр зөв сонголт вэ гэдэг асуултыг ч эдийн засагч-байгаль хамгаалагчид дэвшүүлж байна. Тухайлбал, цэвэр усны хомсдолтой Кенигээс Их Британи руу шош, цэцэг импортлох нь хэр байгальд ээлтэй сонголт вэ гэж тэд асууж байна. Уг нь ядуу орнуудад үйлдвэрлэсэн ийм бүтээгдэхүүнийг худалдаж авах нь тухайн оронд тодорхой хэмжээний орлого оруулах сайн талтай. Гэвч ус зарцуулалтад анхаарал хандуулах хэрэгтэй байна гэж тэд үзэж байна. Иймд тухайлбал, цахилгаан бараанууд дээр тухайн төхөөрөмж ямар хэмжээний эрчим хүч хэрэглэхийг бичсэн байдаг шиг тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ямар хэмжээний ус хэрэглэснийг бичиж тэмдэглэдэг систем хэрэгжүүлж болох юм гэсэн саналыг зарим судлаачид дэвшүүлж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж