Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцоог дэмжих төсөл өнөөдөр нээлтээ хийлээ. Японы олон улсын “Жайка” байгууллага, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран энэ төслийг хэрэгжүүлэх юм.
Монгол Улсын хэмжээнд 111 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн ерөнхий тоо байдаг. Харин дээрх төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан судалгааг хийж, эдгээр иргэдтэй холбоотой мэдээллийн санг бүрдүүлэхээр болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан тоо бүртгэл, мэдээлэл гараад ирвэл тэдний хэд нь эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу вэ, хэдэн хувь нь ямар мэргэжлээр суралцаж, аль салбарт ажиллах хүсэлтэй байна вэ гэдгийг ч тодорхойлох юм. Энэ нь эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжиж, нэмэгдүүлэхэд дөхөм болно гэж төсөл хэрэгжүүлэгчид тооцоолжээ. Дөрвөн жилийн хугацаанд буюу 2020 он хүртэл хэрэгжих уг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө гар бие оролцож, тулгамдсан асуудлаа тодорхойлно. Мөн сонсголгүй, хараагүй, тэргэнцэртэй зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлсөн төрийн бус байгууллагууд чадавхаа сайжруулж, төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажилладаг болох вэ гэдгээ ойлгомжтой болгож, нийгмийн оролцоогоо хангадаг болно гэлээ.
Сүүлийн дөрвөн жилд нийслэл дэх зам талбай, барилга байгууламж, төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бодолцож, тэдний эрхийг хамгаалсан бүтэц, зохион байгуулалттай болсон. Гэхдээ тэргэнцэртэй иргэн явах налуу зам, хараагүй иргэн алхах тэмдэгтэй явган зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих тусгай хаалга, шат, суудалтай автобустай боллоо гээд тэдний нийгмийн оролцоо 100 хувь хангагдана гэвэл буруу ойлголт гэж тэд ярьж байна. Тухайлбал, сонсголгүй, дүлий иргэд нийгмийн харилцаанд оролцохын тулд заавал дохионы хэлний орчуулагчтай байх шаардлагатай болдог. Эргээд нийгэмд дохионы хэлийг мэддэг жирийн иргэн байтугай тэдний яриа хөрвүүлэх орчуулагчид ч ховорджээ. Ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхлэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуульд дохионы хэлийг сонсголгүй иргэдийн үндэсний хэл гэж заагаад, түүнийг олон нийтэд сурталчлах, заах асуудал ч тусгагджээ.
Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжлээ гээд халамжийн мөнгө өгөөд, тэмдэглэгээтэй явган зам бариад орхих биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг эрүүл хүний адил тогтвортой ажлын байр, орлоготой болгоход анхаарах шаардлагатай гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл ярилаа. Гэхдээ тэд зөвхөн Засгийн газрыг хараад суух биш өөрсдөө асуудалд нь гар бие оролцож, хамтран ажиллах хүсэлтэй байна.
Зураглаач Н.БАТМӨНХ