Одоогоос гурван жилийн өмнө “Алтан Дорнод Монгол” компанийн хадгалуулсан алтыг Монголбанк эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр худалдсанаар дээрх татварын маргаан үүссэн юм. Нэгэнт алтаа арилжиж, ашиг олсон учраас 68 хувийн татвар төлөх ёстой гэж шүүх үзсэн бол “Алтан Дорнод Монгол” компани алтаа худалдаагүй учраас уг татварыг төлөхөөс татгалзсан байна. Улмаар тус компанийн захирал С.В.Паушок Монголбанк гэрээгээ зөрчин алтыг нь арилжсан учир татвар төлөхгүй гэдэг үндэслэлээр Арбитрын шүүхэд хандсан юм. Гурван жил үргэлжилсэн маргааныг олон улсын Арбитрын шүүх өнгөрсөн тавдугаар сард эцэслэн шийдэж, “Алтан Дорнод Монгол” компани Монголбанкнаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн байна. Гэвч үүнээс өмнө Монголын шүүх уг асуудлыг хэлэлцээд Монголбанкинд хадгалуулсан гурван тонн алтанд нь 68 хувийн татвар ногдуулахаар тогтсон юм.
Хэдийгээр Арбитрын шүүх бусдын хадгалуулсан алтыг зөвшөөрөлгүйгээр худалдан татварын өрөнд унагасан Монголбанк хохирлыг барагдуулах ёстой гэж үзсэн ч “Алтан Дорнод Монгол” дээрх татварыг төлж эхэлжээ. Тэр тусмаа татварын өрийг алдангитай нь хамт төлөхөөр болсон байна. Одоогийн байдлаар шүүхийн шийдвэр гарсны дагуу Булган аймгийн татварын хэлтэст 15.1 сая, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 469 сая, лицензийн төлбөрт 53.6 сая, газрын төлбөрт 97.5 сая, хүн амын орлогын албан татварт 10 сая, Дарханы цахилгаан шугам сүлжээний газарт цахилгааны төлбөрт 40 сая төгрөгийг тус тус төлөөд байгаа аж. Мөн ажилчдын цалинд 100 сая гаруй төгрөг зарцуулжээ. Цаашид бусад өр, зээлийг үйл ажиллагаатайгаа уялдуулан тодорхой графикаар төлж барагдуулахаар тооцоолсон байна. Өнгөрсөн хоёр жилд компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон ч татварын алданги, хүү тооцогдсоор нэлээдгүй өндөр хэмжээнд хүрсэн юм байна. Гэвч өнгөрсөн тавдугаар сард “Алтан Дорнод Монгол” компанийн захирал С.В.Паушокт үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгө, тусгай зөвшөөрлийг чөлөөлөх шийдвэрийг прокурор гаргаснаар тус компани дампуурлын ирмэгээс өндийж эхэлжээ. Битүүмжилж, лацадсан техник, тоног, төхөөрөмжийг ШШГЕГ-аас хараахан чөлөөлөөгүй байгаа ч шинэ удирдлагын багт очсон тус компани бусад үйл ажиллагаагаа жигдлэн өр, төлбөрөө барагдуулж байгаа аж.