УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонх болсон Ардын нам бялуугаа тарааж эхэллээ. Хамгийн том бялууг Сэлэнгийн гэх, М.Энхболдын гарын хүн Ж.Эрдэнэбат хүртэв. Түүнийг гадаад хэлэндээ “А” ч үгүй, ядахнаа боловсрол, туршлага муутай гэж намынхан нь голж байгаа гэх мэдээлэл байна. Ерөнхий сайдын хувьд Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн дипломтой аж.
Шинэ засгийн бүтцийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат толгой мэдэн зурахаас илүү М.Энхболд зурж өгсөн бололтой. Мөн түүний танхимд хэн хэн ажиллахыг М.Энхболд шийдэж байгаа гэнэ. М.Энхболдын хотын фракци өнөөдөр УИХ, Засгийн газар, хотын удирдлагыг гартаа аваад байгаа юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн гэхээсээ М.Энхболдын фракциар шинэ засаг бүрдэж магадгүй байна. Тусгаар тогтнолын ордноос сонсогдох мэдээгээр УИХ-д олон удаа гарсан хүмүүсээ Ардын нам сайдын суудлаар “мялаах”-аар ярилцаж байгаа гэнэ.
Ингээд тус намынхан дунд яригдаж байгаа хувилбарыг хүргэе. М.Энхболд Засгийн газраа 13 яам, 16 сайдтай байхаар зуржээ. Мөн 13 дэд сайдтай байна гэсэн мэдээлэл бий. Мэдээж, шинэ засгийн танхимд түүний фракцийнхан түлхүү ажиллана гэж мөрийцсөн ч болно.
Гадаад хэргийн сайд хоёр хүний нэр дуулдаж байгаа юм. Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил хоёр. Д.Цогбаатарт Гадаад хэргийн сайдын суудал амалсан ч очихгүй гэсэн бололтой. Тэрбээр Ерөнхий сайдад санаархаж байсан юм.
Харин Шадар сайдад У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргад Ж.Мөнхбат өрсөлдөгчгүйгээр очих бололтой. Сангийн сайдад С.Бямбацогтын нэр дуулдаж байгаа бол Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр очно гэсэн мэдээлэл байна. Барилга хот байгуулалтын сайдад Ц.Дашдоржийн нэр дуулдаж байна. УИХ-д гурав сонгогдсон, 2016 оны сонгуульд тойргоо өөр хүнд өгсөн, “бие муутай” учир бэлгэнд БХБЯ-ыг түүнд өгөхөөр ярилцаж байгаа гэх.
Харин БСШУС-ын сайдад Ё.Отгонбаяр, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад Д.Оюунхорол баараггүй очно гэх хүмүүс МАН-д байна. Хоёулаа намдаа ч улс төрд ч хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид. Намаа хүнд үед зүтгэсэн гол хүмүүс учраас тэдэнтэй барьцах хүмүүс байхгүй байгаа аж.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дээр Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, Д.Зоригтын нэрс дуулдаж байгаа ч хүнээ хараахан тохиролцоогүй байгаа аж. Харин Зам тээврийн яам дээр хамгийн олон буюу долоон хүн нам доторх “сунгаанд” өрсөлдөж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бол Т.Бадамжунайд бэлэглэж байгаа гэх. УИХ-ын гишүүн байгаагүй, өнгөрсөн хугацаанд нүүрээ ч ил гаргаагүй нөхөрт хамгийн том бялууны зүсмийг хүртээж байгаад намынхан нь дургүй байгаа аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Гандийн нэр дуулдаж байгаа ч түүнтэй өрсөлдөх хүн ч бас намд нь олон байгаа аж. МАН-ыг эрх мэдлийн гадна үлдэхэд зүтгээгүй, зугатсан нөхөр гэж зарим нь эсэргүүцэж байгаа гэнэ.
Эрүүл мэндийн сайдад Б.Мөнхбаатарын нэр сонсогдож байна.
Ийнхүү М.Энхболд бялуугаа зүсч, зүсэм бялуу хүртэх гэсэн нөхөд түүний үүдийг сахин, наадмын өдрүүдэд ч МАН-ынхан амраагүй гэх. Ямар ч байсан бялууны хамгийн томыг хотын фракц хүртэж үүнээс болоод Ардын нам дотроо гурав дөрөв хуваагдаад байгаа аж. Ардчилсан намынхан шиг ил зодолдохгүй байгаа болохоос Ардын намынхан ханцуй дотроо “хутга” бариад өөр хоорондоо үзэлцэж байгаа бололтой. Гэхдээ Ардын намынхан босоо тогтолцоотой учраас М.Энхболд юу гэнэ түүний үгнээс зөрөх, адаглаад л Ө.Энхтүвшин шиг шүүмжлэх хүн хэр олон байх болдоо.
Б.ХОНГОР