Бүртгэлтэй ажилгүй иргэдийн дийлэнх нь залуучууд

Хуучирсан мэдээ: 2016.07.19-нд нийтлэгдсэн

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн дийлэнх нь залуучууд

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас өнөөдөр улсын нийгэм, эдийн байдлын хагас жилийн тайланг гаргасан байна. Тайланд Xөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэний тоо зургадугаар сарын эцэст 45.4 мянгад хүрч, ажил хайгчдын тал хувь нь эмэгтэйчүүд болжээ. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 32.8 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 21 хүн буюу 0.1 хувиар өссөн. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 48.0 хувийг бүрэн дунд, 27.5 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.4 хувийг суурь, 6.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.7 хувийг бага, 1.4 хувийг магистр, доктор, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Харин улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.6 хувь нь 15-34 насны залуучууд аж. Ялангуяа Өмнөговь, Дорнод, Увс, Төв, Ховд, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Орхон, Булган, Дорноговь аймгуудад ажилгүй залуус бусад аймагтай харьцуулахад арай өндөр байна.

МУ-Д  81 ОРНЫ 10.7 МЯНГАН ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсад энэ оны эхний хагас жилд нийт 81 орны 10.7 мянган гадаадын иргэн ажиллаж байна. Энэ тоо нь өмнөх оны мөн үеийнхээс дөрвөн орноор, ажиллагчид 5.8 мянган хүнээр буурчээ. Монголд ажиллаж байгаа гадаадын иргэдийн 944 буюу 6.1 хувь нь эмэгтэйчүүд. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт ажиллагчдын 57.1 хувь нь БНХАУ-ын, 16.1 хувь нь БНАСАУ-ын, 5.2 хувь нь ОХУ-ын, 4.4 хувь нь БНСУ-ын, 2.6 хувь нь АНУ-ын, 2.0 хувь нь Австрали улсын, 1.4 хувь нь БНСВУ- ын, 11.2 хувь нь бусад улсын харьяат иргэд байна. Өмнөх оны мөн үеийнхээс манай улсад хөдөлмөр эрхэлж буй БНСВУ-ын иргэд 183 буюу 55.1 хувь, БНХАУ-ын иргэд 5.3 мянга буюу 46.6 хувь, БНСУ-ын иргэд 97 буюу 17.0 хувь, БНАСАУ-ын иргэд 106 буюу 5.8 хувиар буурчээ. Хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 3948 нь буюу 36.8 хувь нь барилгын, 2128 буюу 19.8 хувь нь уул уурхай, олборлолтын, 1421 буюу 13.2 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн, 1261 буюу 11.8 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээний, 797 буюу 7.4 хувь нь боловсролын, 1175 буюу 11.0 хувь нь бусад салбарт ажиллаж байгаа юм.

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨСЧЭЭ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд оны эхний зургадугаар сард өмнөх оны эцсийнхээс 2.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс  1.6 хувиар өслөө.  Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсийнхээс 2.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж