Авлигын хэрэг хил хязгааргүй болж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Авлигын хэрэг хил хязгааргүй болж байна

Тайландын Авлигын эсрэг үндэсний комиссын ерөнхийлөгч Пантел Кланаронгран тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Тэд УИХ-ын даргад бараалхаж, АТГ-ын удирдах албан тушаалтнуудтай ажлын уулзалт хийж, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар тус газрын Тамгын хэлтсийн Гадаад харилцааны ахлах ажилтан Н.Баясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.  
    
-АТГ хэдэн улс оронтой хамтын ажиллагаатай, ямар чиглэлээр хамтран ажилладаг вэ?

-АТГ өнөөдрийн байдлаар БНСУ, БНХАУ, Хятадын Хонконг, Макао, ХБНГУ, ИБУИВУ, Индонези, Австрали, АНУ зэрэг улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудтай харилцаа тогтоогоод байна.

Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх чиглэлээр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг бүх талаар эрмэлздэг. Сайн туршлагаасаа солилцох, албан хаагчдаа харилцан сургах, туршлага судлуулах, сургалтад хамруулж, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх, шалгагдаж буй эрүүгийн гэмт хэрэг дээр эрх зүйн туслалцаа авах, боловсронгуй болсон хууль эрх зүйн зохицуулалтуудыг судалж, нэвтрүүлэх зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаа тогтоодог.

Монгол Улсын АТГ ч хамтын ажиллагаа тогтоосон улс орнуудтай дээр дурдсан чиглэлүүдээр хамтран ажиллаж байгаа. Авлигын эсрэг НҮБ-ын конвенци 2005 онд батлагдсан. Конвенцид нэгдэн орсон улс орнуудын хооронд эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй тохиолдолд ч конвенцийн холбогдох зүйл заалтыг баримтлан авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулж бие биедээ хамгийн өргөн хүрээнд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлж ажиллах орчин, боломжийг бий болгож өгсөн. Энэ дагуу одоогоор манай байгууллагын мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг дээр эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг Хонконг, БНСУ, АНУ-ын холбогдох албадад зохих шугамаар хүргүүлж холбогдох хариуг аван ажиллаж байна.
    
-Хамтын ажиллагаа тогтоож, хамтарч ажилласны үр дүн хэр байдаг бол?

-Дэлхий нийтийг хамарсан даяарчлалын үйл явцын нөлөөгөөр авлигын төрлийн гэмт хэргүүд ч глобалчлагдаж хил хязгааргүй болсон байна. Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд улс орнуудын хил хязгаар ихээхэн хүндрэл учруулдаг. Тиймээс олон улсын идэвхтэй, харилцан үр ашигтай хамтын ажиллагааны үндсэн дээр авлигатай амжилттай тэмцэнэ гэсэн үзэл баримтлал дээр сүүлийн үед олон улсын хамтын нийгэмлэг санал нэгдсэн. Монгол Улс ч бас үүнээс хоцрох ёсгүй.

Иймээс АТГ-ын Тамгын хэлтэс байгууллагын гадаад харилцаа, олон улсын эрх зүйн асуудлуудыг нэгтгэн хариуцаж зохион байгуулах чиг үүрэг хүлээдгийн хувьд гадаад улс орнуудын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, олон улсын байгууллагатай холбогдож, хамтарч ажиллах хүсэлтээ илгээдэг.  Манай байгууллагад ч гадаад улс орнуудаас хамтарч ажиллах талаар хүсэлт ирдэг. Хүсэлтийг судалж үзээд хамтын ажиллагаа тогтоож, тохирсон ажлуудаа хийж гүйцэтгээд явахад үр дүн гарна гэж үзэж байгаа.  
    

                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж