“Team Mongolia” брэндтэй болно

Хуучирсан мэдээ: 2016.07.19-нд нийтлэгдсэн

“Team Mongolia” брэндтэй болно

“Рио-2016” олимпод оролцох Монголын шигшээ багийн тамирчдын “Team Mongolia” брэнд хувцсыг өнөөдөр /2016.07.19/ Олимпийн хөгжлийг дэмжих сангаас танилцуулж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Соёолон морины эрч хүч энергийг бэлгэдэн 10 алтан медаль авахын төлөө алтан шаргал өнгийг сонгосон ажээ. Олимпийн наадамд оролцохдоо эрэгтэй тамирчид хар хөх өнгийн, эмэргтэй тамирчид шар өнгийн фудволька өмсч оролцох гэнэ.

Энэ удаагийн “Рио-2016” олимпод Монголын шигшээ багийн тамирчид өөрсдийн бэлгэдэл, логотой болж байгаа юм байна. Олимпийн бэлгэдэл болох логоны тендэрийг Эрүүл, мэнд спортын яамтай хамтран сарын өмнө зарласнаар нийт 20 гаруй аж ахуй нэгж, уран бүтээлчид оролцсон байна.

Монголчууд 3000 жилийн өмнө таван сүлд тугтай байсан бөгөөд эдгээр тугны нэг болох давхиж буй соёолон  морины дүрсийг шалгаруулсан байна. Цаашдаа тив дэлхийн томоохон наадмуудад монголын тамирчид энэ логог ашиглах болно гэдгийг Олимпийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Ч.Наранбаатар танилцууллаа.

Маргааш Чингисийн нэрэмжит талбайд “Рио-2016” зуны олимпийн 31, паралимпийн 15 дугаар наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа 11 цагт болох бөгөөд энэ үеэр Олимпийн хөгжлийг дэмжих сангаас олимпийн хуримтлалын хишиг хүртээж, логотой малгай, фудволкыг гардуулах гэнэ.

Мөн олимпийн тамирчдыг дэмжиж, 450 мянга гаруй иргэн хандив өгсөн бөгөөд нийт 260 сая төгрөг хуримтлуулжээ.  Үүнээс “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрх авсан 42 тамирчин болон багийн бүрэлдэхүүн болох 120 хүнд тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох юм байна.

Монголын шинжлэх ухаан ололт нэвтрүүлэх төвийн тэргүүн Л.Дуурсах “Олимпийн хөгжлийг дэмжих сан, монголын эрдэмтэн, зохион бүтээгч нартай хамтарч ажиллах саналыг хагас жилийн өмнө тавьсан. Мөн Олимпийн хөгжлийг дэмжих сангаас манай улсад өнөөдрийг болтол Спортын шинжлэх ухааны үндэсний төв гэж байхгүй юм байна. Олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилт гаргах боломж тамирчдад маань бүрэн байна. Манай холбоо тамирчдын судалгаан дээр ажиллаад дуусч байна. Энэ судалгааны дагуу Монголын үндэсний спортын шинжлэх ухааны төвийг байгуулах суурь төлөвлөгөөг боловсруулж байна” гэв.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж