“Чингис хааны хүрээ”-г жуулчлалын бүс болгоё

Хуучирсан мэдээ: 2016.07.19-нд нийтлэгдсэн

“Чингис хааны хүрээ”-г жуулчлалын бүс болгоё

Монгол Улс анх удаа дэлхийн 50 гаруй орноос өндөр дээд хэмжээний 4000 орчим төлөөлөгчийг эх нутагтаа хүлээн авч, өндөр сэтгэгдэлтэй үдэж чадлаа.Жил гаруйхан өмнө монголчууд дэлхийн томоохон удирдагчид, зочид төлөөлөгчдийг хаана, хэрхэн хүлээж авч, олон улсын стандартад нийцсэн зочид буудалд байршуулж, 800 жилийн тэртээ дэлхийг байлдан дагуулж явсан Чингисийн Монголын өв соёл, үүх түүхийг үзүүлэх вэ гэхчлэн толгой гашилгаж суусан. Харин өнөөдөр монголчууд нүүр улайхааргүй нэгэн том бүтээлийг бий болгож чаджээ.АСЕМ-ын зочдод зориулсан бэсрэг наадмыг “Чингис хааны хүрээ” цогцолборт зохион байгуулсан. Жаргалантын аманд байрлах уг цогцолборыг аялал жуулчлалыг татах нэгэн том үзмэр, бүс болгон ашиглая. Ийм санаачилга ч гараад эхэлсэн. Зарим хэвлэл Монгол гэрийг дүрсэлсэн тайзыг наадмын нээлтдээ ашиглая гэсэн саналыг ч дэвшүүлжээ. Тэгвэл наадмаас бусад үед жуулчдад улсаа сурталчлахдаа тухайн тайзыг хэрэглэе. Нэгэнт хөрөнгө гаргаж бүтээсэн, эргээд мөнгө олох боломжтой эх орныхоо түүхэн соёлыг илтгэх юм бүхнийг жуулчдад зориулъя, өөрсдөө ч үзье, их түүхээ үр хойчдоо өвлүүлье.

“Чингис хааны хүрээ” цогцолборт том, жижиг нийлсэн нийтдээ 100 гаруй гэр бий. Үүнээс дөрөв, таван ханатай 22 гэрийг АСЕМ-д зориулж шинээр барьсан байна. Гэрүүд бүгд молцог тоонотой, хананаас гарах тулгуур баганатай, эсгий бүрээстэй, улаан, цэнхэр, ногоон өнгийн хээ хуар бүхий хүннү загвартай. Монголын нэрийн хуудас болсон гэрийн хээ хуар, өнгө, загвар гээд бүгдийг түүхч, урлаачдын нарийн судалгаанд үндэслэн урласан аж.

Цогцолборын голд монголчуудын бахархал болсон дэлхийн хамгийн том гэр буюу Их ордон байрлана. Анх 2007 онд суурийг нь тавьж байсан Их ордон бол зочдод зориулсан хүлээн авалт хийсэн гол газрын нэг. Их ордон 32 ханатай, 25 метрийн диаметртэй. Дотор нь орвол монгол ахуйг илтгэсэн хоёр давхар рестораны хэлбэрээр тохижуулжээ. Ордны хойморт эзэн Чингис хааны алтадмал хөрөг, түүний хажууд цагаан шонхор шувууг мөнгөөр цутгажээ. Харин хааны ард талын аравчинд эртний овог аймгуудын тамгыг дүрсэлсэн байна.

Гэрийн дээд хэсгээр эртний овог аймгуудын туг, хоёр талын хананд алтан ургийн хаад, хатдын хөргийг байрлуулжээ. Их ордны тооно л гэхэд монголчуудын амьдардаг таван ханатай гэртэй тэнцэх хэмжээний. Харин баганандаа ямар ч залгаасгүйгээр байгалийн модыг ашиглажээ. Ордныг хоёр метрийн өргөнтэй, нэг км эсгийгээр бүрсэн байна. Мөн ордны доод хэсэгт 100 орчим хүний багтаамжтай угаалгын өрөө ажиллана.

Энд жуулчдад Монголоо сурталчлах үзмэр бишгүй их. Явган хүний замын хажуугийн түшлэг л гэхэд 150 сая жилийн настай чулуужсан мод. Энд мөн 15 дугаар зууны үеийн хөсөг тэрэгний дугуй, Богд хааны хэрэглэж байсан толь, 17 дугаар зууны археологийн олдвор болох баатруудын хэрэглэж байсан хөө хуяг дуулга ч байдаг.

Өөрөөр хэлбэл, энэ бүх үзмэр нь Монгол Улсын их түүхийг үечлэн харуулахын зэрэгцээ монгол урчуудын ур ухааныг ч давхар илтгэнэ.

Улс орнууд ийм л бүтээлээ бахархал болгож, дэлхийн өвд бүртгүүлж, бас аялал жуулчлалаар дамжуулж хөрөнгө босгож ирсэн.

“Чингис хааны хүрээ” цогцолборт жил бүрийн зун томоохон арга хэмжээг тогтмол зохион байгуулж, монгол ахуй соёлоо сурталчлан таниулдаг болбол олон зочин ирдэг болно. Сая болж өнгөрсөн бэсрэг наадмын үеэр таван хошуу мал бэлчихэд монголчууд огшиж, гадаадын өндөр зочид гайхан биширсэн.

Одоо үүнийг улам төгөлдөржүүлээд циркчид нь тоглолт үзүүлдэг, “Адуучин” наадамтай төстэй үзүүлбэрээр баяжуулаад тодорхой цаг үед олон нийтэд толилуулдаг болчихвол Монголд ирсэн жуулчдад ч үзэж харах зүйлтэй, монголчууд ч өөрсдөө үр хүүхэддээ уламжлал соёлоо таниулах чухал ач холбогдол дагуулна.

Морины соёлыг сурталчлахад монголчууд гадаадаас хүн авчирч, тоглуулна гэх зовлон үгүй. Захын малчин давхиж яваа морины дэл дээрээс уурга шүүрнэ. Өөрөөр хэлбэл, нэлээн хэдэн залуус энэ мэтчлэн ажлын байртай болох бүрэн боломжтой.

БНСУ-ын Чежү арал дахь жуулчдын хамгийн их сонирхон шимтэн үздэг үзүүлбэр нь монгол циркчдийн үзүүлбэр. Байгаа түүхээ бахархал болгож, мөнгө босгож суръя.

Үүний тулд 00-ын асуудлыг ч шийдэх шаардлагатай болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж