АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хангаж, хэрэг зөрчлөөс сэргийлэхээр энхийн манаанд ажилласан хууль сахиулах салбарынханд өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав баяр хүргэж, шагнал гардууллаа.
Монгол Улсын хууль сахиулах салбарынхан Ази Европын дээд түвшний үндсэн хурал болоод дагалдах есөн хурал, мөн таван улсын айлчлалын аюулгүй байдлын манаанд зогссон билээ. Зөвхөн цагдаагийн байгууллагаас л гэхэд 5000 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн хилийн цэрэг, онцгой байдал, тагнуул, хил хамгаалах, иргэний харьяалал, төрийн тусгай хамгаалалт, тероризмтой тэмцэх алба, Гадаад хэргийн яамныхан дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг ханган ажилласан.
Хил хамгаалах байгууллагын 200 гаруй алба хаагч АСЕМ-ын үеэр үүрэг гүйцэтгэсэн байна. Хил хамгаалах ерөнхий газрын цэргийн сургуулийн албаны зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Р.Оюунбатын хувьд АСЕМ-ын үеэр “Чингис хааны хүрээ” цогцолбор байрлах Жаргалантын ам, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын зурвасын аюулгүй байдлыг хангахаар ажиллажээ. Тэрбээр өнөөдөр үүрэг гүйцэтгэсэн зуу зуун залуусаа төлөөлөн өнөөдөр шагнал гардаж авлаа.
Анх удаа зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын үеэр ийнхүү өндөр хэмжээнд аюулгүй байдлыг хангаж, онц ноцтой зөрчилгүйгээр зохион байгуулж чадсанд баяр хүргэж ийнхүү өнөөдөр “Цагдаагийн алдар”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, “Хууль зүйн яамны хүндэт жуух” бичгээр нэр бүхий 33 хүнийг шагнаж урамшуулсан юм. Хууль зүйн сайд Д.Дорлигжав энэ үеэр өнөөдрийн авч буй шагнал урамшуулал нь цаашид хийж бүтээх их үйлсийн эхлэл байхыг ерөөсөн юм.
Дээд хэмжээний уулзалт амжилттай болсны нэг зүйл нь тавьсан шаардлагыг ойлгож, биелүүлж, хүлээцтэй хандаж байсан иргэдийн ч хувь нэмэр орсон гэдгийг албаныхан онцолж байлаа.
Б.ЗАЯА