Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ард нийтийн оролцоо чухал гэдгийг олон хоног амарч, хөдөө, орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудыг зорьсон иргэд багагүй ойлгосон биз ээ. Өчигдөр л гэхэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жуулчдын өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглагдах, гэрээт худалдаа үйлчилгээний байгууллагаас хөнгөлөлт эдлэх боломж бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчлэх, эзэмшигчийн нэр бичигдээгүй, төгрөгөөр гүйлгээ хийх төлбөрийн “Travel card”-ийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа тухай мэдээлэв. Энэхүү карт нь картаар хөнгөлөлт үзүүлэх худалдаа үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл болон бусад жуулчдын хэрэгцээнд нийцсэн мэдээлэл бүхий гайдбүүкээс бүрдэх аж.
Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын банк, санхүүгийн байгууллагын картаар төлбөр тооцоо гүйцэтгэх сүлжээ хязгаарлагдмал, өндөр шимтгэл, хураамж төлөх, ханшийн зөрүүнээс алдагдал хүлээх зэрэг гадаад жуулчдад тулгардаг төлбөр тооцооны бэрхшээлүүдийг шийдвэрлэх, жуулчдыг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалах, аюулгүй аялах нөхцөлийг бүрдүүлэх, бэлэн бус төлбөр тооцоо, үндэсний мөнгөн тэмдэгтийн гүйлгээг дэмжих зорилгоор хийгдэж буй уг төсөлд хамтран оролцохыг жуулчны үйлчилгээний шилдэг байгууллагуудад уриалж байна. Travel card нь хөнгөлөлтөөр дамжуулан олон төрлийн үйлчилгээг жуулчдад хүргэх маркетингийн суваг болох бөгөөд карт эзэмшигчдэд хөнгөлөлт үзүүлэх замаар хэрэглэгчдийнхээ хүрээг өргөжүүлэх, үйл ажиллагаагаа үнэ төлбөргүй сурталчлах боломжийг бизнес эрхлэгчдэд олгох юм гэжээ.
Уг нь их л таатай мэдээлэл мэт боловч хөдөө, орон нутаг байгалийн үзэсгэлэнт, дурсгалт газруудаар аялсан монголчуудын хувьд арай өөр арга хэмжээ хэрэгтэй мэт санагдав. АСЕМ-тай холбоотойгоор царай муутнууд хөдөөг зорьлоо хэмээн хошигнож байсан ч наадмын олон хоногт нийслэл эзгүйрэх шахам байсан нь үнэн. Гэвч хөдөөг зоригсодын хувьд бие засах газраас эхлээд, байгалийн үзэсгэлэнт газрыг өөрийн мэт өмчилсөн морь, тэмээ, сарлаг унуулж орлого олж буй нутгийн иргэд мөнгө л олж байвал боллоо гэх сэтгэлээр хандаж байгаа нь үнэндээ аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжинө гэдэгт итгэхэд тун бэрх гэж болохоор юм билээ. Хотын ойролцоо бол хүн бүр л “Нэг үеэ бодвол бие засах газартай болж, ашгүй” хэмээн ам уралдан шагших ч, үнэн хэрэгтээ үнэрээс нь эхлээд дотоодын байтугай гадны жуулчдын ч бөөлжсийг хүргэн байгаа нь харамсалтай. Тэрчлэн зам ашигласны төлбөр хэмээн аймаг бүрийн үүдэнд постонд хэн нэгнийг суулгаж, хаалт хийн орлого олж байгаа ч зам нь там болчихсон газар цөөнгүй. Орох, гарах бүртээ нэг машины багадаа 1000 төгрөг өгч байгаа ч тохь, тухтай аялаад өнгөрөх боломж тун маруухан. Засмал замаар энхэл донхол гаргаж байгаа нь гэж баахан үсэргэж давхина. Зам нь засвартай гээд уулын хормой, бэлээр шороо татуулан шууруулна.
Ингэж явсаар байгалийн үзэсгэлэнт газар гэх том хаалттай талбайд орохдоо мөн л мөнгө төлнө. Чухам юуны төлөө гэдэг нь хачирхалтай. Гадныхан бол 3000 төгрөгөөс эхэлнэ. Харин монголчууд бол 500-3000 төгрөг. Үнэхээр авч буй хураамжаараа тухайн орчныг тохижуулж, цэвэр, тохь тух, түүх болон нэрийнх нь учир, жанцанг тайлбарласан газар бараг л үгүй.
Ядаж л морь, малаа унуулж орлого олж буй хүмүүсийн харилцаа гэж бараг л үгүй. Хөөрхий гадныхан бол хэл мэдэхгүй болохоор өөдөөс нь доромжилж байсан ч инээд алдаад л байх юм билээ. Харин монголчууд биднийгээ бол цочтол загнана. Яах вэ, хотын зарим хүн адуу, малнаас эмээх явдал байдаг л байх. Гэвч унуулж буй эзэд ингэж уна, тэгж унадаг юм гэж заахаасаа өмнө мөнгө, мөнгө л гээд байна шүү дээ. Хатуухан хэлбэл, хар нялхаасаа эхлээд бүгд л “зоосон нүдтэй” болчихож гэж бодохоор. Хэн нэгний морь, тэмээ, сарлагийг унаж зөвхөн зураг авахуулахад, нэг даруулахад 1000 төгрөг гэж хэнэг ч үгүй нэхэх хүн ч таарна. Мөнгөө тоолж чаддаг байгаа даа гэмээр бяцхан жаалууд ч тэдгээр газар бий.
Аз нь шовойж байгалийн үзэсгэлэнт газарт амьдарч буй малчдын орлогын эх үүсвэр нь аялал жуулчлалын цаг байж болох. Гэвч тухайн нутаг орны захиргааны зүгээс олсон орлогын хувиар татвар авахгүй ч ядаж орчных нь ариун цэвэрт анхаарахыг ч болтугай үүрэгдэхгүй бол ч дараагийн удаа дахин очих газар монголчуудад бол үлдэхгүй нь гэх бодол төрүүлж байна гэдгийг аялагчид хэлж байсан. Мэдээж энэ удаа олны ихээр аялах болсон Хэнтий, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ гэх мэт ойрын аймгуудаар аялагчдын “зовлонгоос” цухас дурдаж буй нь энэ.
Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь Гурван голын бэлчир рүү нэвтрэхийн тулд иргэн бүр 500 төгрөг төлөх шаардлагатай. Гэхдээ тийш очиж үзэхийн тулд зам нь гэж ёстой там болчихсон газраар давхиулна.
Архангай айгийн Их тамир суман дахь Тайхар чулууг гадныхан гэлтгүй дотоодын жуулчид ч олноороо сонирхдог. Гэтэл яг тухайн чулууны ойр орчимд бие засах газар хайгаад бол байхгүй. Хажуугийн жуулчны баазуудад л бий. Тэдгээр нь өөрсдийн амрагч л бус бол оруулахгүй. Тиймээс Тайхар чулуунаас 500 метрийн зайнаас эхлээд урт цагаан цаасны хог хийсч эхэлдэг юм билээ. Зарим нь хүн, малын “аргалыг” гишгэн алдаж, өлмий дээрээ явах хэрэг гарна. Энэ мэт үзэгдэл ер нь хөдөөгийн хаа ч таарна. Үүний нэг жишээ нь Архангай аймгийн Тариат сумын нутагт байрлах Чулуутын хавцал. Тэнд Чулуутын голыг ойроос харъя гэвэл эгээ л бие засах газрын үнэр ханхийнэ. Хавцал руу унахаас айхгүй, өөрийгөө л болгож байвал боллоо гэх сэтгэхүйтэй хүмүүс аялаад байна уу гэж харамсмаар. Гэтэл нөгөө өнцгөөс харвал үнэндээ тэнд бас л зориулалтын бие засах газар байхгүй. Тиймээс л аялагчид орчныг бохирдуулсаар байгаа хэрэг.
Замын ойр байрлалтай болохоор зарим нь унаа, машинаа голын дунд тавьчихаад хэнэг ч үгүй угаана. Хажуугаар нь одогсод шаардлага тавьбал загнуулах жишээний. Энэ бүхнийг зохицуулах шаардлагатай байцаагч ч болтугай орон нутгаас нь гаргаж, хариуцуулахгүй бол хөдөөг зорьж байгаа нь ч, нутагтаа мөнгө олж байгаа нь ч үзэсгэлэнт байгалийн буяныг өөртөө зөв шингээж чадахгүй эзгүйчилж байгаа нь даанч харамсалтай. Түүнчлэн буян номын шүтээн болсон газруудыг ч хамгаалалтад авахгүй бол эхнээсээ иргэдийн сэжгийг төрүүлэхээр болжээ гэвэл хатуудахгүй л байх. Үүний тод жишээ нь мөн л Сэлэнгэ аймаг дахь “Ээж” мод. Сүсэгтнүүд хадгаар ороож, цай, сүүгээр дарснаас болж ургахаа байж, өмхий үнэр ханхийлгэх болсоор удсан. Зарим хүн хүсэл биелүүлэх чадалгүй болтол нь зовоож хэмээн харамсаж байхыг ч олонтаа сонслоо. Яг үүний адил Архангай аймаг дахь Зуун салаа модны заримыг нь мөн л хадгаар боомилжээ.
Уг нь тухайн орон нутгийн захиргаанаас анхаарал тавиад байвал байгаль сүйдэхгүй, сүсэгтнүүд ч хүндэтгэлтэй ханддаг. Үүний жишээнүүд ч бий. Булган аймгийн нутагт байрлах “Бодь ээж” нэртэй модыг нутгийнхан нь хамгаалж, сумын захиргаа нь байнга ажилтнуудаараа арчлуулдаг тул орчин нь тун цэвэрхэн. Түүгээр ч зогсохгүй хадаг уяхыг хориглосон болон тухайн газар үйлдэх зан үйлийг тодорхой бичсэн нь хүн бүрт буруу үйл хийхээс сэргийлсэн явдал болдог юм билээ. Архангайн Цахир суманд ч ялгаагүй шүтээнээ залж, өөрсдөө хүндэтгэл үзүүлдэг тул явуулын хүмүүс ч тэнд нь хог хаях байтугай бие засахаас татгалздаг хэмээн нутгийнхан хэлж байхыг сонссон.
Нэгэнт арчаатай нь байгалийн тогтцоороо бизнес хийж байгаа мэт харагдж байгаа ч түүнийгээ хөгжүүлэхийн тулд бага ч атугай сэтгэл гарган бие засах газар ч болтугай барьчихвал хэн хэндээ тустай санагдах бус уу. Нутгийн иргэд нь хөлжиж байвал боллоо гэсэн шиг анхаарлын гадна орхиж байхаар аймаг, сумдын захиргаа нь тэдэнтэй гэрээ, хэлцэл хийж хариуцлагын тогтолцоо бий болгохгүй бол байгаль нь ч удахгүй мөхөж, гайхуулж, харуулах тогтоц, шүтээнгүй болох вий дээ. Аялахад ая тух, мөнгө олоход учир бий. Энэ хэвээр үргэлжилбэл гайхуулах байгальгүй болох мөч удахгүй л болов уу.
ЭХ СУРВАЛЖ: