Орчин цагийн хамгийн өглөгч буян үйлдэгчид

Хуучирсан мэдээ: 2016.07.19-нд нийтлэгдсэн

Орчин цагийн хамгийн өглөгч буян үйлдэгчид

Америкийн тэрбумтан, хөрөнгө оруулагч, “Berkshire Hathaway” компанийг үндэслэн байгуулагч Уоррен Баффетт өнгөрсөн лхагва гаригт буяны үйлст $2,86 тэрбум доллар хандивласан тухай MarketWatch мэдээлэв. Энэ мөнгөний ихэнх нь “Berkshire” компанийн B ангиллын 15 сая хувьцааны хэлбэрээр Билл, Милинда Гейтс хоёрын буяны санд  оржээ.  Энэ жил 85 настай золгож байгаа Баффетийн хөрөнгө нь 60,8 тэрбум доллараар үнэлэгджээ. Тэрбээр өөрийн хөрөнгийн 85 хувийг Гейтсийн санд хандивлахаар амласан байгаа. Тэрбумтан үүнээс гадна компанийнхаа 1,5 сая  хувьцааг талийгаач эхнэр Сьюзан Томсоны санд мөн  тус бүр нэг нэг сая хувьцааг  өөр гурван буяны санд хандивлажээ.  Хандивын дараа  Баффетийн  мэдлийн  багц хувьцаа нь 31,73 хувь хүртэл багассан байв. Харин компанийн хөрөнгөжилт оны эхнээс 10 хувиар нэмэгджээ. Одоо энд дэлхийн хэмжээний топ-10 буян үйлдэгчдийг  танилцуулья.


1. БИЛЛ ГЕЙТС

Өргөсөн нийт хандив: $27 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $84,2 тэрбум

Билл Гейтс олонд “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг гэдгээр танил. Одоо тэрбээр эхнэрийн хамт санаачилсан Bill & Melinda Gates Foundation сангийн хүрээнд буян хийх ажилд  голчлон зүтгэж байна. Сан нь дэлхий даяар  хөдөө аж ахуй, байгалийн гамшигтай тэмцэх, номын сан байгуулах, ядууралтай тэмцэх, боловсрол, эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн  баталгааг өгдөг. Байгуулагдсанаасаа хойш  сая байгууллагад  хөрөнгө хандивлажээ.

2. УОРРЕН БАФФЕТТ

Өргөсөн нийт хандив: $24,5 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $54,6 тэрбум

“Berkshire Hathaway” холдингийн гүйцэтгэх захирал, захиргааны тэргүүн Уоррен Баффетт  хамгийн мундаг баячуудын нэг төдийгүй ихээхэн өглөгч тэрбумтан юм. Баффет  хөрөнгийнхөө 85 хувийг Bill & Melinda Gates Foundation сан ба бусад сангуудад  хандивлахаар амлажээ. Баффетт Гейтсийн хамт  2011 онд  дэлхийн баячууд хөрөнгийнхөө ихээхэн хувийг   буянд зориулах Giving Pledge хөдөлгөөнийг санаачилсан. Одоо ч тэр  хандив өгсөөр байгаа ба  үүнийг өнгөрсөн долоо хоногийн хандив нь харуулж байна.

3. ЖОРЖ СОРОС

Өргөсөн нийт хандив: $8 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $24,4 тэрбум

Жорж Сорос, Soros Fund Management санг үндэслэгч бөгөөд одоо Open Society Foundations гэх буяны санг толгойлдог. Түүний 1979 онд байгуулсан сан хүний эрхийг хамгаалах салбарт  ажиллан нийгмийн төслүүдэд хөрөнгө өгдөг.

 4. АЗИМ ПРЕМЖИ

Өргөсөн нийт хандив: $8 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $15,9 тэрбум

Азим Премжи  Энэтхэгийн Wipro гэх косалтинг  компанийн захиргааны тэргүүнээс гадна  Azim Premji Foundation санг толгойлон Энэтхэгийн  сургуулиуд ба шалгалт авах системийг  шинэлэх чиглэлээр ажилладаг.

5. ЧАРЛЬЗ ФРЭНСИС ФИНИ

Өргөсөн нийт хандив: $6,3 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $1,5 сая

Түүнийг буяны  үйлсийн Жеймс Бонд гэж нэрлэдэг.  Магнат Чак Фини  өөрийн бүх хөрөнгөө тараахаар шийдсэн бололтой, одоо түүний хөрөнгө 1,5 сая доллар болтлоо буурчээ.

Финийн Atlantic Philanthropies  сан нь боловсрол, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах салбар мөн хүний эрхийг хэд хэдэн орнуудад дэмжин ажилладаг.

6. СУЛЕЙМАН БЕН АБДУЛ АЗИЗ АЛЬ РАЖИ

Өргөсөн нийт хандив: $5,7 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $590 сая

Сулейман бен Абдул Азиз Аль Ражи 1957 онд Al Rajhi Bank-ыг гурван ах дүүгийн хамт байгуулжээ. Тэрбээр 2013 оноос буяны  үйлс хийн  Sulaiman bin Abdul Aziz Al Rajhi Endowments Holding Company-г  дэмжин ажиллах болжээ. Шейх Сулейман бен Абдул Азиз Аль Ражийн сүм Эр-Риядад ажилладаг.

7. ГОРДОН МУР

Өргөсөн нийт хандив: $5 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $6,5 тэрбум

Гордон Мур  “Intel” компанийг 1968 онд байгуулалцсан, одоо голчлон буяны ажил эрхэлдэг. Gordon and Betty Moore Foundation санг тэрбээр эхнэрийн хамт байгуулсан бөгөөд мөхөж буй амьтдыг хамгаалах, эрүүл мэнд боловсрол, шинжлэх ухааны төслүүдийг санхүүжүүлдэг.

8. КАРЛОС СЛИМ ЭЛУ

Өргөсөн нийт хандив: $4 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $27,3 тэрбум

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, одоо “Grupo Carso” компанийн эзэн Карлос Слим Элу буяны ажлаа Fundación Carlos Slim Helú сангаар дамжуулан явуулдаг.

9. ЭЛИ БРОД

Өргөсөн нийт хандив: $3,3 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $7,3 тэрбум

The Broad Foundation санг үндэслэгч бөгөөд KB Home , SunAmerica компаниудыг үүсгэн байгуулагч Эли Брод боловсрол, шинжлэх ухаан, урлагийг дэмжин буян үйлддэг. Калифорнийн уугуулын хувьд мужийнхаа төлөө бас хандив өгдөг.

10. ЖОРЖ КАЙЗЕР

Өргөсөн нийт хандив: $3,3 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $9,3 тэрбум

Жорж Кайзер BOK Financial Corporation компанийг толгойлдог. Мөн George Kaiser Family Foundation сангаараа дамжуулан эрүүл мэнд, боловсрол, шашин, нийгмийн төслүүдийг дэмжин санхүүжүүлдэг. Тэрбээр Giving Pledge хөдөлгөөнд нэгдэн хөрөнгийнхөө талыг буяны үйлст зориулан хандивлахаар амласан байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж