Баян Өлгий аймагт нүүрлэсэн байгалийн гамшигт өртсөн иргэдэд хүргэх тусламжийн Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Г.Бямбарагчаагаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2016 оны 07 дугаар сарын 18/ Баян-Өлгий аймагт хүргэжээ. Аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас үерт өртсөн, тусламжид хамрагдах айл өрхүүдийн судалгааг гаргаж, тусламжийг хуваарилах бэлтгэлийг хангаад байгаа юм байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болж өндөрлөөд байна. Уг хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай, мөн байнгын хороодын дарга нарыг сонгох тухай яриа байсан ч хэлэлцээгүй, зөвхөн аймгийн Засаг дарга нарын томилгооны асуудлыг хөнджээ.
2016 оны УИХ-ын сонгуультай хамт аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль болсон. Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг дарга нарыг батламжлах асуудал багтдаг. Иймээс аль аймагт хэнийг Засаг даргаар томилох вэ гэдэг асуудал Удирдах зөвлөлөөр ийн хэлэлцэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ долдугаар сарын 17-18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь амжилттай болж өндөрлөн өчигдөр нутгийн зүг мордлоо.
Айлчлалын үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийсэн. Мөн хоёр тал 20 орчим хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх долдугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ.
Түүнийг БНХАУ-ын иргэнд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь барьж, саатуулсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Тулгар Төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зургаан насны хурдан морины уралдаан, долдугаар сарын 13-ны өдөр болсон эрлийз гурван насны уралдаан буюу уяачдын наадмаар нийт 32 хүүхэд мориноосоо унажээ. Тэдний дөрөв нь зөөлөн эдийн гэмтэлтэй байсан гэж өчигдөр нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж, өчигдөр сүүлийн зочид эх орон руугаа буцсан. Тэгвэл Олон улсын дээд хэмжээний зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн өдрүүдэд хэрэг зөрчлийн 4000 гаруй, зам тээврийн ослын 149 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Гэхдээ энэ өдрүүдэд хэрэг зөрчлийн дуудлага багатай, харьцангуй тайван байсныг цагдаагийнхан онцлов.