Зууны "Шилдэг илбэчин" хэмээн дэлхийд алдаршсан илбэчин бүсгүй Кристи Тогучи Монгол улсад анх удаа хүрэлцэн ирж, энэ сарын 20-нд "Magic show" тоглолтоо толилуулах гэж байна.
Паркын “Хар Сувд” хөлөг онгоцноо болох “Magic Show” тоглолтын тайзнаа илбэчин Кристи Монголын залуу илбэчдийн хамтаар илбийн ертөнцөөр аялуулахаас гадна модерн бүжиг, уран нугаралтын үзүүлбэр үзүүлж, дуучин Э.Урангоо, Х.Соёмбо, Б.Ган-Эрдэнэ, Жожо, Ариу, Б.Билгүүн, "House Party" хамтлаг, DJ NEX зэрэг уран бүтээлчид уран бүтээлээ эгшиглүүлэх юм байна.
Хавай гаралтай илбэчин бүсгүй Криста нь гурван үе дамжсан илбэчин, акробатчин, бүжигчин, уран нугараач ажээ. Мөн тэрээр Тайко хэмээх өвөрмөц төрлийн бөмбөр тоглодог, Лас Вегасын алдартай "The Femmes" дуэтын гишүүн юм байна. Авьяаслаг энэ уран бүтээлч урлагийн олон төрлийн үзүүлбэрийг хооронд нь хослуулж тоглодогоороо илбийн урлагт онцгой, өвөрмөц стилийг гаргаж ирсэн гэж үздэг.
Одоо тэрээр Лас Вегас дахь "Aerial Fitness School"-ийн үйл ажиллагааг удирдан явуулдаг бөгөөд тэнд өөрийн илбийн мэдлэгээ бусадтай хуваалцаж байгаа илбийн өндөр туршлагатай, дасгалжуулагч багш ажээ.
А.Сүрэн