Францад халдлага үйлдсэн этгээдийг ах дүүс нь ингэж тодорхойлжээ

Хуучирсан мэдээ: 2016.07.18-нд нийтлэгдсэн

Францад халдлага үйлдсэн этгээдийг ах дүүс нь ингэж тодорхойлжээ

Өнгөрөгч бямба гаригт /2016.07.15/ Францын Ницца хотод аймшигт халдлага гарсан билээ. Уг халдлагыг үйлдсэн гэмт этгээд гэм зэмгүй иргэдийг үй олноор устгахаасаа нэг хоногийн өмнө Тунис дахь гэрийнхэн рүүгээ 84,000 паунд явуулсан байжээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд түүний үзэл бодол огцом өөрчлөгдсөн тухай гэрийнхэн нь ярьсан бөгөөд Тунист байдаг Мухамедын ах байцаалтын үеэр цагдаа нарт Мухамедаас бэлэн мөнгө авсан тухайгаа хэлжээ.

Францын дотоод хэргийн сайд Бернанд Казенев “Гэмт этгээд маш богино хугацаанд экстримист үзэлд автсан” гэсэн бол гэмт этгээдийн эхнэр болон түүний хөршүүд “Мухамед өнгөрсөн дөрөвдүгээр сард анх удаагаа лалын сүмд очсон” гэж мэдүүлээд байгаа ажээ.

Мухамед

Мөрдөгчид Мухамедийн утасны дуудлагыг шалгахад тэрээр Исламын хэт даврагсадтай холбоотой байсан нь тогтоогдсон байна.

Нууц албаны мэдээлж буйгаар тэрээр Аль Нузрагийн бүлгийн Омар Диабитай холбоотой байх магадлалтай гэнэ.

Мухамед халдлага үйлдэхийнхээ өмнө найзуудаасаа Тунист байдаг гэр рүү нь бэлэн мөнгө явуулахад туслахыг ятгасан байна. Түүний ах Жабер хэлэхдээ дүүгээ хэдэн жилийн турш хараагүй бөгөөд мөнгө явуулахад нь үнэхээр их гайхсан гэжээ.

Мухамедийн ах Жабер

Түүнчлэн түүний эцэг  “Мухамед ямар ч шүтлэггүй. Тэр арав гаруй жил сэтгэцийн өвчинтэйгөө тэмцэж ирсэн. Өвчин нь маш хүнд шатандаа орсон байсан. Миний хамгийн сайн мэдэж байгаа зүйл бол тэр хэзээ ч залбирч, лалын сүмд очиж байгаагүй. Тэр байнга ганцаараа байдаг, сэтгэцийн хямралд орсон нэгэн” хэмээжээ.

2002-2004 онд Мухамедын сэтгэл мэдрэл нь муудсанаар маш огцом уурладаг, хашгирдаг, урдаа тааралдсан юм болгоныг эвдэж хэмхэлдэг байсан аж. Тэр Францад ирснээсээ хойш  ямар ч эмчилгээ хийлгээгүй бөгөөд дөрвөн жилийн турш гэртээ ирээгүй аж.

Мухамед гурван хүүхдийн эцэг бөгөөд эхнэрээ маш их зоддог, хэрцгий нэгэн байсан бололтой.  

Түүний салсан эхнэр одоо цагдаад байцаагдаж байна. Тэрбээр “Мухамед сүүлийн хэдэн сарын турш ажил хийгээгүй. Сэтгэцийн гүн хямралтай байсан. Магадгүй, тэр террорист бүлэглэлээс ийм их хэмжээний мөнгө санал болгоход эргэлзэх зүйлгүй зөвшөөрсөн байх” хэмээжээ.

 

Францын ерөнхий сайд халдлага гарахаас өмнө буюу /2016.07.14/ өнгөрөгч баасан гаригийн орой үндэсний телевизээр “Террористууд ямар нэгэн байдлаар Исламын хэт даврагсадтай холбоотой нь гарцаагүй” хэмээн мэдэгдсэн билээ.  

Францын ерөнхий сайд Мануэль Валлс, халдалга гарснаас хоёр өдрийн дараа батлан хамгаалахын хуралд оролцох үеэр

Г.Анударь

Эх сурвалж: CNN, Telegraph

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж