Ч.Санжаадамба: 31 жилийн өмнөх түүх давтагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.07.18-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамба: 31 жилийн өмнөх түүх давтагдлаа

“Алдар” спорт хорооны хоёр бөх төрийн их баяр наадмынхаа үзүүр түрүүнд үлдсэн үйл явдал 31 жилийн дараа давтагдсаныг Архангай аймгаас төрсөн бөхчүүд бахдан ярьж байна.

Өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Үндэсний их баяр наадамд илүүрхэн өнгөлсөн “Алдар” спорт хорооны бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэсэн юм. Энэ үеэр “Цол авсан бөхчүүдийн дийлэнх нь Архангайнхан байна. Үндэсний их баяр наадамдаа амжилттай барилдах даалгавраа 300 хувь биелүүлсэн” хэмээн нутгийн бөхчүүдээр бахархаж байлаа.

“Алдар” спорт хорооны бөхчүүд Үндэсний их баяр наадамд амжилттай оролцож, аварга, арслан, харцага, начин цолны болзол хангасан билээ.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон амжилттай барилдаж, цолоо ахиулсан бөхчүүдийг хүлээн авч, наадмын түрүү, үзүүр бөхчүүдэд хоёр өрөө байр, мөнгөн аяга, батламжийн хамт гардуулан өглөө.  Тус үйл ажиллагаанд:

Монгол Улсын аварга, “Алдар” спорт хорооны бөх, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэслэгч Ч.Санжаадамба

Монгол Улсын арслан, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэслэгч Р.Пүрэвдагва

Монгол Улсын харцага, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлагч Б.Бат-Өлзий

Монгол Улсын харцага, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн ахлагч Х.Гантулга

Монгол Улсын начин, “Алдар” спорт хорооны тамирчин, ахлагч Л.Шинэбаатар

Монгол Улсын начин, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн ахлагч Б.Дэлгэрсайхан

Монгол Улсын начин, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн ахлагч Б.Чимэдвандан

Монгол Улсын начин, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн ахлагч Ц.Чимэддорж

Монгол Улсын начин,  “Алдар” спорт хорооны тамирчин, ахлагч Ц.Нямдорж

Монгол Улсын начин,  “Алдар” спорт хорооны тамирчин Б.Ганзориг

Монгол Улсын начин, “Алдар” спорт хорооны тамирчин М.Бат-Отгон нар оролцлоо.

Түүнчлэн өнөөдөр урианхай сурын харваанд тэргүүлсэн “Алдар” спорт хорооны тамирчин Ж.Энхбат, Халх сурын харваанд “Алдар” спорт хорооны тамричин Д.Норжмаа нарт хүндэтгэл үзүүлэх байсан ч наадам давхацсан тул ирж амжаагүй байлаа.


Энэ үеэр Монгол Улсын аварга Ч.Санжаадамбын сэтгэгдлийг сонслоо.

“1985 онд “Алдар” спорт хорооны хоёр бөх үзүүр, түрүүнд үлдэж, Б.Ганбаатар арслан түрүүлж, Д.Хадбаатар аварга үзүүрлэж байсан юм билээ. Тэр үед Р.Пүрэвдагва бид хоёр төрж байсан бол үүнээс хойш 31 жилийн дараа “Алдар”-ын бөхчүүд түрүү, үзүүр булаалджээ. Мөн одоогоос 13 жилийн өмнө “Алдар” спорт хорооноос Г.Өсөхбаяр аварга маань төрийн наадамд анх удаа түрүүлж байлаа. Сайхан түүхтэй үйл явдал болж байна.    

Бэлтгэл сургуулилт хийхэд “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам их дэмжлэг үзүүлдэг. Эднийхээ буянаар бөхчүүд бэлтгэлээ саадгүй хийж, өнөөдрийн энэ амжилтыг үзүүлж байгаа. Удирдлагууддаа бүгдэд нь баярлалаа. Улам илүү хичээж барилдана гэж хэлмээр байна” гэлээ.

Зураглаач: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж