200 саяын хахууль авсан Н.Батсүхийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.07.18-нд нийтлэгдсэн

200 саяын хахууль авсан Н.Батсүхийг саатуулжээ

-Хахууль авсан даргыг үйлдэл дээр нь барьжээ-

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх долдугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ.

Түүнийг БНХАУ-ын иргэнд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь барьж, саатуулсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Дээрх мөнгө нь хятадуудтай тохиролцсон хууль бус үйлдлийг хаацайлах гэсэн урьдчилгаа төлбөр байсан бололтой.

Н.Батсүх нь уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байжээ.

Мөн БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь тогтоогдсон байна.

Авлига өгсөн Ли овогт Хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй барилгын компанийн захирал юм байна.

Цагдаагийн алба хаагчид нотлох баримтыг хураан авч, Эрүүгийн хуулийн 268-д заасан зүйл заалтаар буюу Н.Батсүх нарыг хээл хахууль авсан гэж буруутган, АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Хэрэв Н.Батсүх нар шүүхийн байгууллагаар буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэгдэнэ.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж