УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудлыг авахад нийтлэлч Б.Батбаяр “Ямар гоё сонгууль болов оо. Энэ бол МАН-ын төгсгөлийн эхлэл, Ардчилсан намын аугаа түүхэн ялалтын эхлэл. Сонгуулийн үр дүнд би баярлаад үхэх нь” гэж жиргэсэн. Баабар голоор нь хэлжээ.
Ерөнхий сайдаа томилоод удаагүй байгаа МАН дотор сандал суудлын хэрүүл хэдийнэ босож, бизнесийн бүлэглэл, залуучуудын төлөөлөл, 50-иас дээш насныхан гэсэн гурвалсан дайн өндөр авч эхэлжээ. Энэ янзаар “алалцсаар” байвал Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт будаа болно гэж халаглах гишүүн ч олон байна. Хуулиараа УИХ-аас Ерөнхий сайдыг томилсон бол 14 хоногт багтаан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиа өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулдаг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулахад долоо хоног үлдсэн гэсэн үг. Гэтэл намын гишүүдийнх нь байр байдал Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд бие даагаад цомхон чадварлаг мэргэжлийн Засгийн газар байгуулах хар зургийг ч гаргачих боломжийг өгөхгүй байгаа нь 9-11 яамтай Засгийн газар байгуулах болов уу гэсэн урьдчилсан төлөвлөгөөнд нь өөрчлөлт оруулж болзошгүй болжээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай санал солилцох үеэрээ үндсэн чиг үүргийн яамдын сайд нарыг УИХ-аас бусдыг гаднаас томилох байр суурь барьж буй гэдгээ мэдэгдсэн. Үндсэн чиг үүргийн яамдад Гадаад хэрэг, Хууль зүй, Байгаль орчин ногоон хөгжил,аялал жуучлалын яам Сангийн яам хамаарч буй. Үүн дээр нэмж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг УИХ-аас томилох боломж бий. Хэрвээ Засгийн газрыг 11 яамтай байхаар бүтцийг оруулж ирнэ гэвэл таван сайдыг УИХ-аас санал болгож болно. Гэвч УИХ-д сонгогдсон залуу гишүүд нь Аж үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд болохоор чичирцгээж эхэлжээ. Тэр дундаа Аж үйлдвэрийн яамыг удирдах амбицтай гишүүдийнх нь тоо олширсон тухай дуулдаж байна. Тэдний дунд “Би ч намыг хүнд үед нь хөрөнгө мөнгөөр дэмжсэн, би ч намыг хүнд үед нь нүүрлээ ширлэн авч явсан, ачааны хүндийг үүрсэн. Одоо сайд болгохгүй бол нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана” гэхчлэн хэл амаа билүүдэн хар хор гүйлгэж эхэлсэн тухай яриа газар авч байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулахаар оруулж ирсэн нь дотооддоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго тавьсантай нь холбоотой болохоос биш хэн нэгэнд зориулж албан тушаал бий болгохын тулд санаачлаагүй юм. Харамсалтай нь, энэ зорилгыг олж харж, стратегийн ач холбогдолтой том яам гэдгийг сэхээрч ойлгох хүн МАН дотор тун ховор байгаа бололтой.
Боловсон хүчний арвин нөөцтэй гэгддэг, 160 мянган гишүүнтэй намаас ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, ажил хийх чадалтай 10 сайд санал болгож, Засгийн газраа байгуулж чадахгүй бол МАН энэ сонгуульд ялсны үр дүн гарахгүй, Баабарын хэлсэнчлэн МАН төгсөнө.
Ер нь ч тэгээд Аж үйлдвэрийн сайд болох хүнд одоогийн сайд Д.Эрдэнэбат өндөр шалгуур тогтоож өгсөн. Наад зах нь үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд улс төржилт хэрэггүй гэдгийг биеэрээ үлгэрлэсэн сайд. Өнгөрсөн онд Европын орнуудад айлчлал хийхдээ МАК-ын захирал Н.Нямтайшир тэргүүтэй бизнесмэнүүдийг гараас нь хөтлөөд боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, төр засгийн төвшинд шийдвэр гаргах сайд нартай нь уулзах үеэрээ “Манай үндэсний үйлдвэрлэгчид ийм, ийм салбарт хөрөнгө оруулалт татах сонирхолтой байна. Монгол Улсын төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого 2030 он хүртэл төлөвлөгдсөн, богино, дунд, урт хугацаанд үйлдвэржилтийг ингэж дэмжинэ гээд бодлогоо тайлбарлан, бизнесмэнүүдээ хөрөнгө оруулагчтай холбох гүүр нь болж ажилласан сайд бол Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат юм. Дотооддоо үйлдвэрлэж байгаа зарим нэр төрлийн барааг импортын ижил төрлийн бараанаас хамгаалах зорилгоор татварыг нь өсгөж, 30 хүртэл хувиар тогтооход “Модон эдлэлийн үнэ өсөх вий. Хүнсний ногооны үнэ өсөх вий” гэж болгоомжлох хүн бишгүй л байсан. Гэвч ямар ч хөдөлгөөн гараагүй, харин ч үндэсний үйлдвэрлэгчид “Эртнээс ийм бодлого хэрэгжсэн бол бид аль хэдийнэ хөл дээрээ босох байлаа. Бие даасан бодлогын яамтай болсны үр дүнг мэдэрч сууна” гэж бахархсан нь олон. Иймээс МАН ирэх дөрвөн жилд үнэхээр ажил хийе гэж зорилго тавьсан юм бол төрийн ажлын ачааллыг даагаад явах, чадвартай, авлигад хөтлөгдөхөөргүй, мөнгөний хор шүү нь гарсан хүмүүсийг сайд нартаа санал болго. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өөрийнхөөрөө Засгийн газрын хар зургаа гарган, УИХ-аар батлуулах бололцоог нь олго. Төрийн алба гэж юу байдгийг мэдэхгүй хэрнээ амбицандаа сэрүүн зүүдэлж яваа залуусаа байранд нь тавь. Төрийн албыг сэтгэлийн хөөрлөөр авч явдаг ч юм биш. Төрийн албыг шагналаар ч удирддаг юм биш. Эдийн засаг хямарсан энэ үед иргэд аль болох хурдан ажилтай орлоготой болж, амьдралаа дээшлүүлэхийг хүсэж байна. Хямралаас гарах богино хугацааны төлөвлөгөөгөө МАН хэзээ УИХ-аар цаг алдалгүй батлуулах вэ гэдгийг хоног тоолж хүлээж сууна.
Боловсон хүчний арвин нөөцтэй гэгддэг, 160 мянган гишүүнтэй намаас ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, ажил хийх чадалтай 10 сайд санал болгож, Засгийн газраа байгуулж чадахгүй бол МАН энэ сонгуульд ялсны үр дүн гарахгүй, Баабарын хэлсэнчлэн МАН төгсөнө.
ӨНГӨРСӨН 20 ГАРУЙ ЖИЛИЙН ХУГАЦААНД ЗАСГИЙН ГАЗРЫГ ДАРААХ БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР БАЙГУУЛЖ АЖИЛЛАЖЭЭ.
1992 ОНЫ ЗАСГИЙН ГАЗАР
- Ерөнхий сайд
- 1.Засаг захиргааны яам
- 2.Байгаль орчны яам
- 3.Барилга хот байгуулалтын яам
- 4.Батлан хамгаалах яам
- 5.Гадаад харилцааны яам
- 6.Геологи, эрдэс бялгийн яам
- 7.Зам тээвэр, холбооны яам
- 8.Сангийн яам
- 9.Соёлын яам
- 10.Түлш эрчим хүчний яам
- 11.Худалдаа үйлдвэрийн яам
- 12.Хууль зүйн яам
- 13.Хүн амын бодлого хөдөлмөрийн яам
- 14.Хүнс хөдөө аж ахуйн яам
- 15.Шинжлэх ухаан боловсролын яам
- 16.Эрүүл мэндийн яам
1996-2000 ОНЫ ЗАСГИЙН ГАЗАР
- Ерөнхий сайд
- 1.Байгаль орчны яам
- 2. Хууль зүйн яам
- 3.Дэд бүтцийн хөгжлийн яам
- 4.Батлан хамгаалахын яам
- 5.Гэгээрлийн яам
- 6.Хөдөө аж ахуй үйлдвэрийн яам
- 7.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
- 8.Гадаад харилцааны яам
2000-2004 ОНЫ ЗАСГИЙН ГАЗАР
- Ерөнхий сайд
- 1.Засгийн газрын хэрэг эрхлэх газар
- 2.Байгаль орчны яам
- 3.Хууль зүй, дотоод хэргийн яам
- 4.Дэд бүтцийн яам
- 5.Санхүү эдийн засгийн яам
- 6.Батлан хамгаалахын яам
- 7.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
- 8.Хүнс хөдөө аж ахуйн яам
- 9.Эрүүл мэндийн яам
- 10.Гадаад хэргийн яам
- 11.Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам
- 12.Үйлдвэр худалдааны яам
2004-2008 ОНЫ ЗАСГИЙН ГАЗАР
- Ерөнхий сайд
- 1.Монгол Улсын Шадар сайд
- 2.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 3.Байгаль орчны яам
- 4.Хууль зүй дотоод хэргийн яам
- 5.Барилга хот байгуулалтын яам
- 6.Сангийн яам
- 7.Батлан хамгаалахын яам
- 8.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
- 9.Хүнс хөдөө аж ахуйн яам
- 10.Эрүүл мэндийн яам
- 11.Гадаад хэргийн яам
- 12.Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яам
- 13.Үйлдвэр худалдааны яам
- 14.Түлш эрчим хүчний яам
- 15.Зам тээвэр, аялал жуулчлалын яам
- 16.Гамшгийн асуудал эрхэлсэн сайд
- 17.Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд
2008-2012 ОНЫ ЗАСГИЙН ГАЗАР
- Ерөнхий сайд
- 1.Монгол Улсын Тэргүүн шадар сайд
- 2.Монгол Улсын шадар сайд
- 3.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 4.Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- 5.Хууль зүй дотоод хэргийн яам
- 6.Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам
- 7.Сангийн яам
- 8.Батлан хамгаалахын яам
- 9.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
- 10.Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам
- 11.Эрүүл мэндийн яам
- 12.Гадаад харилцааны яам
- 13.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
- 14.Эрдэс баялаг эрчим хүчний яам
2012-2014 ОНЫ ЗАСГИЙН ГАЗАР
- Ерөнхий сайд
- 1.Монгол Улсын Шадар сайд
- 2.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 3.Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
- 4.Хууль зүйн яам
- 5.Барилга хот байгуулалтын яам
- 6.Сангийн яам
- 7.Батлан хамгаалахын яам
- 8.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
- 9.Үйлдвэр хөдөө аж ахуйн яам
- 10.Эрүүл мэндийн яам
- 11.Гадаад харилцааны яам
- 12.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
- 13.Эрчим хүчний яам
- 14.Зам тээврийн яам
- 15.Уул уурхайн яам
- 16.Хөдөлмөрийн яам
- 17.Соёл, спорт, аялал жуулчлалын яам
- 18.Эдийн засгийн хөгжлийн яам
2014-2016 ОНЫ ЗАСГИЙН ГАЗАР
- Ерөнхий сайд
- 1.Монгол Улсын Шадар сайд
- 2.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 3.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам
- 4.Хууль зүйн яам
- 5.Барилга хот байгуулалтын яам
- 6.Сангийн яам
- 7.Батлан хамгаалахын яам
- 8.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
- 9.Хүнс хөдөө аж ахуйн яам
- 10.Эрүүл мэнд, спортын яам
- 11.Гадаад хэргийн яам
- 12.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
- 13.Аж үйлдвэрийн яам
- 14.Эрчим хүчний яам
- 15.Эрчим хүчний яам
- 16.Зам тээврийн яам
- 17.Уул уурхайн яам
- 18.Хөдөлмөрийн яам
- 19.Монгол Улсын сайд