Хуучирсан мэдээ: 2016.07.18-нд нийтлэгдсэн

Эзнээ олсон магтаал

Хоёр жил бэлдсэн нөр их ажлын ард гарч чадлаа, монголчууд бид. Дэлхийн 50 гаруй орноос өндөр дээд хэмжээний 4000 орчим төлөөлөгчийг эх нутагтаа хүлээн авч, өндөр сэтгэгдэлтэй үдэж чадлаа. Хоёр жилийн өмнө Италийн Милан хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний аравдугаар уулзалтаас дараагийн уулзалтаа Монголын нийслэл Улаанбаатарт хийхээр шийдсэнээс хойш энэ том ажлыг бид хийж чадах болов уу гэсэн болгоомжлол хүн бүрийн сэтгэлд байсан нь нууц биш. Эвлэвэл бүтдэгийн жишээг бид өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо болж өнгөрсөн АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг хэрхэн зохион байгуулсанаас харлаа.

Долдугаар сарын 15-16-нд болсон энэ уулзалтыг нүүр бардам хийж чадсандаа монголчууд магтаалын үгийг харамгүй урсгаж байна. АСЕМ-аас өмнө нь, АСЕМ-аас хойш ч энэ арга хэмжэээний ач холбогдол юу байв гэж асуух хүн олон байна. Туурга тусгаар Монгол улс дэлхийн тоглогч байж чадна гэдгээ харуулсан нь хамгийн гол ач холбогдол. Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд хавчуулагдан оршдог Монгол улс эх дэлхийгээ амар амгалан байлгах их хэрэгт дуу хоолойгоо нэмэрлээд зогсохгүй, хуруугаа хөдөлгөж чадна гэдгээ харууллаа. Хэдийгээр өөр хоорондоо толхилцдог ч, өөрсдийн буруугаас эдийн засгаа элгээрээ мөлхүүлсэн ч, хаа нэгтээ очоод дур зоргоороо бурж орхидог ч эцсийн эцэст эх орноо гэсэн эрх ашигт зангилагдаж чаддагаа нотоллоо.

Чингисийн Монгол гэсэн имижийг орчин цагийн Монгол гэсэн имижээр сольж чадлаа.

Найман зууны тэртээ эдүгээгийн монголчуудын өвөг дээдэс өнгөрсөн өдрүүд шиг газар газрын түмэн хэлтнийг нэгтгэн цуглуулж чадаж байсан монголчуудын омогшил одоо ч хэвээр гэдгийг дэлхий нийт харлаа. Монголын сайхан орон, нүүдлийн ёс заншлаа хадгалан үлдсэн ард түмэн гэдэг тодорхойлолтууд зүгээр нэг үг биш гэдгийг мэдрүүлж чадлаа.

Чингисийн Монгол гэсэн имижийг орчин цагийн Монгол гэсэн имижээр сольж чадлаа.

АСЕМ-ын бидэнд үлдээж байгаа өвийг мөнгөн дүнгээр илэрхийлэх нь өрөөсгөл. АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд бид өөрсдөдөө маш том хөрөнгө оруулалт хийлээ.

Энэ том ажлыг бэргэлгүй амлан авч, нэр төртэй хийж чадсан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ардчилсан намын Засгийн газарт олон хүн баярлалаа гэж хэлж байгаа нь чухам эзнээ олсон магтаал. Ийм үнэн сэтгэлийн магтаал сонсоогүй уджээ, бид.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж