П.Баярцэнгэл: Би дуучин Б.Амархүүг ялагч болно гэж бодсон

Хуучирсан мэдээ: 2016.07.18-нд нийтлэгдсэн

 П.Баярцэнгэл: Би дуучин Б.Амархүүг ялагч болно гэж бодсон

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан “Яг түүн шиг” шоуны ялагч, дуучин П.Баярцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр 10 долоо хоногийн хугацаанд хип хопын загалмайлсан эцэг “2 Pac”, Рок хөгжмийн амьд домог Аеросмит хамтлагийн дуучин Стивен ТайлерОросын үзэсгэлэнт дуучин Наташа Королева, Регги урсгалын загалмайлсан эцэг Боб Марли, Австрийн дуучин, алдарт “Сахалтай эмэгтэй ”Кончита Вурст, Алдарт shuffle-ийн эзэд болох LMFAO, Оросын алдарт дуучин “Алтан гургалдай” Витас болон монголын нийтийн дуучин Н.Банзрагч агсны дуугаар олноо танигдан дуучин Л.Банзрагч, “Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнг тун чадварлаг дууриасан бол хамгийн сүүлд алдарт дуучин Бруно Марсыг яг түүн шиг дуураиж, шилдгийн шилдэг оролцогчоор тодорсон билээ.


20 САЯ ТӨГРӨГИЙНХӨӨ ДЭЭЖЭЭР САЙН ҮЙЛС ХИЙНЭ

-Юуны өмнө “Яг түүн шиг” шоуны шилдгийн шилдэг оролцогч болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Залуу уран бүтээлч хүнийхээ хувьд их баяртай байгаа. Ард түмэн маань намайг маш их дэмжиж, итгэл хүлээлгэсэн гэж бодож байна.

-Уг шоуны сүүлчийн дугаарт оролцогч өөрөө дүрээ сонгосон. Яагаад заавал Бруно Марс гэж?

-Ер нь Бруно Марсын хоолойн тембер, биеийн өндөр нь ч гэсэн надтай төстэй санагдсан. Тиймээс арай жаахан өгөгдөлтэй байх болов уу гэдэг үүднээс энэ уран бүтээлчийг сонгосон юм.

-Дууны сонголтын хувьд түүний сүүлд гаргасан "Uptown Funk” дууг нь дуулсан шүү дээ?

-Тийм ээ. Түүний энэ дуу маш их хит болсон, алдартай дуу. Би дуулалтын хувьд гайгүй байна гэж бодсон чинь тийм биш байсан. Маш хэцүү дуулалттай дуу байсан.

– Үзэгчдэд маш сайхан тоглолтыг үзүүлж чадсан. Сүүлчийн шоундаа хэр бэлдсэн бэ?

-Миний хувьд “Яг түүн шиг” шоу эхэлснээс хойш хамгийн их хичээж бэлдсэн тоглолт Бруно Марс байлаа. Өмнө нь ялагч болсон Боб Марлигаас илүү байсан. Тэр ч утгаараа үзэгчдэд их таалагдсан гэж бодож байна.

-Дуучин Бруно Марс твиттер хуудаснаа уулзах хүсэлтээ илэрхийлсэн гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Ийм мэдээлэл байсныг харсан. Гэхдээ энэ яг баталгаатай мэдээлэл биш л дээ. Үүнийг үнэн эсэхийг нь тогтоох боломжгүй байх.

-“Яг түүн шиг” шоуны шилдгийн шилдгийг тодруулах мөчид шүүгчдийн оноогоор дуучин Б.Амархүү 35 оноогоор тэргүүлсэн байсан. Гэтэл үзэгчдийн саналаар 41369 хүний саналыг авч илт давуугаар ялагч болсон. Өөртөө хэр итгэлтэй байсан бэ?

-Би “Ойлгомжтой болчихлоо” гэж бодож байсан.

-Өөрийгөө ялна гэдэгт үү?

-Үгүй. Дуучин Б.Амархүүг ялна гэж бодсон. Надаас нэг оноогоор илүү байсан шүү дээ. Мөн шоуны турш дуучин Б.Амархүү үзэгчдийн саналаар хол тасарчихсан байсан. Тэгэхээр мэдээж үзэгчдийн саналаар нэгд гарч ирэх нь тодорхой, шүүгчдийн оноогоор ч гэсэн тэргүүлчихлээ гэж бодсон. Гэтэл гэнэт 41 мянган үзэгчийн санал авсан гэхэд би шоконд орсон.

-Хэдхэн цагийн хугацаанд шүү дээ?

– Манай монгол орон шиг цөөн хүн амтай улсын хувьд 41 мянган хүн мессеж илгээнэ гэдэг асар их тоо. Би үнэхээр төсөөлөөгүй. Боловсрол суваг телевизийнхэн ч гэсэн “Нэг хүнд 20 орчим мянган хүний санал ирэх болов уу” гэж ярьж байсан. Гэтэл намайг хоёр дахин хүн дэмжсэн. Ард түмнээсээ ийм том бэлэг авсан хүн итгэлийг нь алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Энэ бол залуу уран бүтээлч надад өгч байгаа маш том бэлэг.

-“Яг түүн шиг” шоу таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Ер нь миний амьдралын хэв маяг их өөрчлөгдсөн. Би шоунд оролцож байх хугацаандаа уран бүтээлийн ажлаа хойшин тавьж, бүх цагаа заваа зарцуулсан. Гэтэл одоо шоуныхаа ялагч нь болоод сайхан байгаа ч гэсэн маргааш өглөө нь сэрэхэд бодох зүйлгүй болчихсон юм шиг сонин санагдсан шүү. “Яг түүн шиг” шоундаа илүү удаан байсан бол сайхан ч юм шиг.

-Таны сэтгэлд тэгтэл нь хоногшсон байх нь ээ?

-Тийм шүү. Үнэхээр сайхан төсөл болсон.

-Шоуны үеэр Г. Ганхүү шүүгч “Хүний дуу хоолой шалгадаг байгууллага байвал шалгуулаарай” гэж хүртэл хэлж байсан санагдана?

-Тэр бол шүүгч Г.Ганхүү ахын сэтгэл хөдлөлийн илэрхийлэл байсан байх л даа. Би өөрийн чадлынхаа хэрээр дэлхийн алдартай энэ шоунд оролцож, ялагч нь болсонд баяртай байна.

-Дуучин Б.Амархүүгийн гэр бүл “Яг түүн шиг” шоуг эсэргүүцсэн гэх яриа байсан. Тийм асуудал гарсан уу?

-Үгүй ээ. Тийм асуудал үүсээгүй. Энэ шоуг шударга бус шүүх ямар ч боломж байхгүй л дээ. Шүүгчдийн оноогоор дуучин Б.Амархүү надаас өндөр оноо авсан. Харин ард түмний саналд хэн ч нөлөөлж чадахгүй шүү дээ. Ард түмэн өөрт таалагдсан үзүүлбэрт л саналаа өгч байгаа шүү дээ.

-Шагнал гардуулах үеэр “Модерн номадс” группийн хүргэн гэж таныг танилцуулж байсан. Энэ шоуны үеэр эхнэр тань үргэлж дэмжиж байгаа харагдсан?

-Манай эхнэр “Модерн номадс” сүлжээ ресторанд менежерээр зургаа дахь жилдээ ажиллаж байна. Олон улсын бизнесийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Жирийн нэг сайхан монгол бүсгүй. Бид хоёр арван жилийн нэг ангийн хүүхдүүд л дээ. Энэ алдартай шоуны турш намайг эхнэр маань их дэмжсэн. Бүр намайг дасгалжуулж, Боб Марлиг дууриаж түрүүлсэн. Эхнэр маань миний ард талын бүхий л асуудлыг хариуцаж, дэмждэг. “Яг түүн шиг” шоугаа гэр бүлээрээ суугаад үзнэ. Манай охидууд “Ааваа, ааваа” гээд их сүйд болдог юм.

-Шоуны үеэр ах тань бас дэмжиж харагдсан. Ер нь дуучин П.Баярцэнгэл айлын хэд дэх хүүхэд вэ?

-Манай ах миний бүх зүйлийг дэмжиж, зөвлөдөг багш маань гэж хэлж болно. Бид хоёр хоёрхон насны зөрүүтэй. Ах маань өөрийн “Хэмнэл” студитэй, бас урлагийн хүн. Би айлын отгон нь. Дээрээ хоёр ах, хоёр эгчтэй. Манайхан дандаа Цэнгэл гэдэг нэртэй. Манай хамгийн том эгчийг П.Цэрмаа, П.Цэнгэл, П.Цэнгэлмаа, П.Отгонцэнгэл, П.Баярцэнгэл гэдэг.

-Жүжигчин мэргэжилтэй П.Баярцэнгэл “дуучин” гэж олноо танигдсан. Анх ямар кинонд тоглож байсан бэ?

-Би 2011 онд Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Хамгийн анхны тоглосон кино маань “Аз жаргалын эрэлд” гэдэг кино байсан. Энэ киног үзэгчид сайн мэдэхгүй байх. Манай Дорнот аймгийн залуус хамтарч хийж байлаа. Тухайн үед 1980-иад он болон орчин үеийн залуусын амьдралыг харуулсан кинонд тоглосон юм.

-Цаашдаа аль мэргэжлийг нь сонгох вэ?

-Би яг мэргэжлийн дуучин хүн биш. Цаашдаа дуучны мэргэжлээр сурах маш их сонирхолтой. Гэвч хувийн амьдралын зохион байгуулалтаас шалтгаалаад болохгүй байна. Гэхдээ уран бүтээлээ хийсээр байх болно.  

-Уран бүтээлдээ хэзээнээс орох вэ. Шинэ уран бүтээл гаргах гэж байгаа гэсэн үү?

-Би хэд хоног амаръя л даа тэгэх үү. /инээв/ Сая шоугаа дуусгаад зарим аймгийн наадмуудад дууллаа. Одоо хэд хоногийн дараа нутаг руугаа явж, ээж, аавдаа очиж сайхан амарчихаад уран бүтээлдээ орно доо. Ер нь хоёр дахь цомгийн уран бүтээлүүд бэлэн болсон байгаа. Энэ нь миний поп урсгалын анхны цомог гэж хэлж болно. Өмнө нь би ёодол урлагаар дагнасан цомог гаргаж байсан. Хүмүүсийн мэддэг “For you” “Holly dolly”, “Санахдаа” зэрэг дуунууд болон шинээр хийж буй дуунуудаас бүрдсэн 10 гаруй дуутай шинэ цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа.

-“Яг түүн шиг” шоуны ялагчын 20 сая төгрөгөө авсан уу. Нууц биш бол энэ мөнгийг хэрхэн зарцуулах төлөвлөгөөтэй байна вэ?

-Ялагчийн мөнгөө хараахан аваагүй байна. Одоо наадмын үеэр бүгд амарцгаалаа. Залуу хүний хувьд 20 сая төгрөг гэдэг их мөнгө. Миний амьдрал, уран бүтээлд ч их хөрөнгө оруулалт болно. Би 20 сая төгрөгөө авахаараа дээжээр нь сайн үйлс хийнэ. Яг юу хийхээ бодож байна. Тэгээд үлдсэнийг нь сайхан зохицуулна даа. Жишээ нь уран бүтээлдээ шингээнэ. Бид нэг дуу хийхэд л их мөнгө шаардлагатай болдог шүү дээ.

-Нэг дуу хийхэд ойролцоогоор хэчнээн төгрөг зарцуулах вэ?

-Дууны бичлэг, дүрс гээд ойролцоогоор тав, зургаан сая төгрөг болно.

-Дуучин П.Баярцэнгэл хэр хөгжилтэй вэ?

-Би өөрийгөө их нээлттэй гэж боддог. Харин дөнгөж танилцсан хүнтэйгээ хамаагүй яриа өдөж, чаддаггүй. Тэр нь зарим хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлдэг байх. Ер нь намайг муулдаг хүмүүс маш цөөн байдаг гэж боддог.

Шоуны үеэр дуучин Наташа Королеваг дууриасан. Эсрэг хүйстнээ дууриахад ямар байсан бэ?

-10 гаруй см өндөр өсгийтэй гуталтай, даашинз өмсөөд дуулах бас л сонин байсан. Анх удаа эмэгтэй хүнийг дууриасан. Тэр нэвтрүүлгийг үзсэн хүмүүс “Эгчтэйгээ их адилхан болсон байна” гэж байсан. Эгч маань ч гэсэн “Манай ажлынхан чамтай их төстэй болсон байна” гэж байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж