Цэргийн эргэлт хийх оролдлого гарсны дараа Туркийн ард иргэд ардчиллаа хамгаалахыг эрх баригчдаас хүсч өчигдөр /2016.07.16/ жагсаал хийлээ. Туркийн Истамбул болон бусад хотуудад олон мянган хүн төрийн далбаагаа барин гудамжинд жагсаал хийсэн байна. Ерөнхий сайд Бинали Йылдырым цэргийн эргэлт Туркийн ардчилалд хар толбо үлдээлээ хэмээн мэдэгджээ.
Туркийн эрх баригчид АНУ-д суурьшсан номлогч Фетулла Гулен гэгчийг цэргийн эргэлтийг зохион байгуулсанд буруутгаж, Вашингтоноос шилжүүлэн өгөхийг шаарджээ. Туркэд өнгөрсөн баасан гаригийн шөнө дэлбэрэлт, буун дуу хадаж, 161 энгийн иргэн, цагдаа амь үрэгдсэн бол цэргийн эргэлтэд оролцсон 104 цэрэг амь үрэгджээ. Гэмтэж бэртсэн хүний тоо 1440 болсон байна. Цэргүүд Истамбулын нисэх буудалд танк байршуулж, төв телевиз болон CNN агентлагийн байрыг эзлэн, Анкара хотноо ерөнхийлөгч, парламентын ордон руу дайрсан байв. Харин Анкара хот дахь Туркийн армийн төв байраас 200 зэвсэггүй цэрэг гарч ирэн цагдаа нарт бууж өгснөөр цэргийн эргэлт зогссон юм. Цэргийн эргэлт хийх оролдлогын дараа 3000 орчим цэрэг, генерал баривчлагджээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Туркийн эрх баригчдад хандан цэргийн эргэлтийн дараах мөрдөн шалгах ажиллагааг хууль дүрмийн хүрээнд явуулахыг зөвлөжээ.
Турк улсад цэргийн эргэлт гарсан шалтгаан нь дотооддоо хуваагдсан явдал юм. Хөрш Сири улсад олон жил үргэлжилсэн иргэний дайны нөлөө болон ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Туркийг өөрчлөх, эрх мэдлээ нэмэгдүүлэх оролдлого нь хуваагдлын гол шалтгаан аж.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Б.АНХТУЯА