БНСУ-д гэрээгээр ажиллах хүмүүсийн шалгалт болно

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

БНСУ-д гэрээгээр ажиллах хүмүүсийн шалгалт болно

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийг шалгаруулах долоо дахь удаагийн шалгалт болох гэж байгаа талаар мэдээлэл өгөв. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад бүртгүүлэхийг хүсч байгаа иргэд энэ сарын 26-28-ны өдрийн 09.00-13.00, 14.00-18.00 цагт байнгын оршин суугаа хаягийн дагуу харьяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

Бүртгүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байх ба үүнд:

  • 18-39 настай (1971 оны 9-р сарын 05-наас 1993 оны 9-р сарын 4-ний өдрийн хооронд төрсөн);
  • Хорих ял болон түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
  • Солонгос хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү, сүрьеэ зэрэг өвчингүй байх.

Бүртгүүлэхээр ирэхдээ

  • Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийг хуулбарын хамт
  • Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй хоёр хувь өнгөт цээж зураг;
  • Шалгалтын хураамж болох 30000 /гучин мянга/ төгрөгийг Хадгаламж банкны 10210022222 тоот дансанд төлсөн баримтыг авч ирэх ажээ. Хэрвээ дээрх баримт бичгийг бүрдүүлээгүй бол бүртгэхгүй юм байна.

Мөн энэ үеэр солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл явагдах гэж байгаатай холбогдуулан "Бүртгүүлж өгнө, солонгос хэлний төвшин тоггоох шалгалтанд оруулж тэнцүүлж өгнө" гэсэн хувь хүнд хууран мэхлэгдэхгүй байх, өөрийгөө хохироохгүй байхыг анхааруулж байлаа. Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 70121285 утас болон www.hudulmur.mn цахим хуудаснаас авч болох ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж