“Одоо зуслан руугаа шинэ автобусанд сууж явна. Ямар гоё вэ” хэмээн ярих 12 настай Г.Алтанбагана хүү Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт сурдаг. Тэрээр “Би энэ төвд ирснээр бүхий л зүйлийг хийж сурч байна. Одоо би хөл бөмбөг тоглох дуртай болсон шүү” хэмээн ярилаа.
Г.Алтанбагана хүү шиг хагас болон бүтэн өнчин, эмзэг бүлгийн 165 хүүхэд тус төвд сурч хүмүүжиж байгаа ажээ. Харин өнөөдөр эдгээр хүүхдийг баярлуулахаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын гэргий, хатагтай Чэн Хун буцалтгүй тусламж үзүүлж, 28 хүний суудалтай хүүхдийн автобус болон компьютер, хувилах машин, цүнх, тоглоом зэрэг нэг сая юанийн хөрөнгө оруулалттай эд зүйлийг хандивлалаа.
Энэхүү хандив тусламжийн барааг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2016.07.16/ тус цогцолборт боллоо. Тусламжийн барааг гардан авах гэрээнд тус төвийн дарга Б.Лхамсүрэн болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хайминь нар гарын үсэг зурлаа.
Уг ёслолын ажиллагаанд урилгаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хайминь болон Бээжинд суугаа Монголын Элчин сайд Ц.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга С. Батболд нар оролцож, үг хэлсэн юм.
Тус төвийн захирал Б.Лхамсүрэн “Манай төвд Нийслэл хотын эмзэг бүлгийн, төрөөс зайлшгүй анхаарах шаардлагатай 4-21 насны хүүхдүүд хамрагддаг. Одоогоор хүүхдийн, залуучуудын гэсэн хоёр төвд бүтэн болон хагас өнчин 165 хүүхэд сурч хүмүүжиж байна. Улаанбаатар хотын есөн дүүргийн захирамжаар хүлээн авч, 18 нас хүртэл нь байрлуулж, хүмүүжүүлж, нийгэмшүүлэх 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг” хэмээн танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор нийт 65 багштай ажээ. Энэ үеэр зуслан болон гадуур үзвэр үзэхэд олон хүүхдийг зөөвөрлөх асуудалтай тулгардаг. Харин хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалсан шинэ автобустай болсондоо талархаж буйгаа тус төвийн багш нар илэрхийлж байсан юм.
Мөн энэ үеэр тус төвийн авьяаслаг хүүхдүүд ирсэн зочдод “Үүлэн бор” аялгууг морин хуураар эгшиглүүлж, уран нугаралтын үзүүлбэр сонирхуулж, бүгдээрээ “Flash mob” хийж, “Нарны хаан хүүхдүүд” дууг дуулж сонирхуулав.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ