Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний үнийг шатахууны үнийн өөрчлөлттэй уялдуулан хууль тогтоомжийн хүрээнд шинэчлэн тогтоох талаар холбогдох арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт зөвшөөрсөн билээ. Одоогийн байдлаар зарим автобус 100, 300 төгрөг гэсэн тариф мөрдөж байгаа бол нөгөө нэг хэсэг нь 200, 400 төгрөг гэсэн тарифтай иргэдэд үйлчилж буй. Мөн Гачуурт, Хужирбулан зэрэг холын чиглэлийн автобус 500-600 төгрөгөөр үйлчилдэг. Олон янзын үнийг нэг мөр болгох тарифын шинэлчлэлийг хэзээ хийх нь анхаарал татаж байгаа юм. Мөн хэдэн төгрөг дээр тогтох вэ гэдэгт иргэд чих тавин суух болсон. Тиймээс энэ талаар Нийслэлийн нийтийн тээвэр зохицуулалтын газрын холбогдох албанаас тодруулахад наадмын дараа асуудлыг шийдвэрлэнэ гэлээ. Харин үнийн тухайд судалгааны ажил хийгдэж байгаа ба 400-500 төгрөг байх болов уу гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байгаа ажээ.
Б.СҮРЭН