ОХУ-ын Саха улсын Якутск хотноо зохион байгуулагдаж буй “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VI наадамд Монголын дөрвөн даамчин өрсөлдсөнөөс Г.Хэрлэнмөрөн медалийн буухиаг үргэлжлүүллээ. Тэмцээний зуун буудалт даамын төрөлд эрэгтэй 14, эмэгтэй 15 тамиричн швейцарь системээр долоон өрөг тоглов.
Охидын ангилалд өрсөлдсөн Г.Хэрлэнмөрөн 4 хожиж, 2 тэнцэж, 1 хожигдож, нийт 10 оноо авсан амжилтаар тус наадмын хүрэл медалийг хүртлээ. Түүний хувьд эхний өргүүдэд амжилт муутай тоглосон ч сүүлийн дөрвөн өрөгт дараалан хожил байгуулснаар медалийн болзол хангасан юм. Тодруулбал манай тамирчин сүүлийн өрөгтөө 2015 оны дэлхийн аварга, 2016 оны Оросын аварга Кристина Осиповатай учраа таараад байсан бөгөөд түүнийг заавал хожиж байж медалийн болзол хангах байсан. Энэхүү тоглолт дөрвөн цаг үргэлжилж, манай тамирчны хожлоор өндөрлөлөө. Г.Хэрлэнмөрөн өмнө ДАШТ-д К.Осиповатай таарахад хожигдож байжээ.
Г.Хэрлэнмөрөн нь 2008 оноос Баянзүрх дүүргийн "Шавь" цогцолборт Р.Нармандах багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж ирсэн. 2013 онд 13 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын спортын мастер цол хүртэж байв. Түүнээс хойш насанд хүрэгчдийн улсын аваргаас 2 мөнгө, 1 хүрэл медаль авч, 2014 онд Тайландад болсон Азийн АШТ-ий охидын ангилалд аваргалж байжээ.
Ч.БОЛОР