АСЕМ-ийн 11 дэх дээд хэмжээний уулзалтын хүрээнд хоёр талт уулзалтууд үргэлжилж байна.
Францын Ницца хотод өчигдөр /2016.07.14/ халдлага болж, 80 шахам иргэн амиа алдаж, 20 гаруй иргэн хүнд бэртэл авсан эмгэнэлт хэрэг болсон. Энэхүү үйл явдал нь АСЕМ-ын зочдод терроризмтой хийх тэмцэлд хүчээ нэгтгэх байр сууринд хүргээд байна.
Тухайлбал, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Европын холбооны удирдлагууд өнөөдөр /2016.07.15/ “Шангрила” зочид буудалд хамтарсан мэдэгдэл хийлээ.
Тэд Францын ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн юм.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Еврпын холбоотой хамтарч цаашид ч алан хядах ажиллагааны эсрэг тэмцэнэ” хэмээлээ.
Мөн Их Британи Европын холбооноос гарах шийдвэрт хүрсэн нь дэлхий нийтэд нэн ойлгомжгүй байдал үүсгэсэн, Хойд Солонгос ч бидний санааг зовоож байна. Япон улс, Европын холбоо дэлхийн эдийн засгийн гол тоглогчид, тэргүүлэгчид хэвээр байх болно.
Япон улс Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ажиллаж байна. Гэрээг энэ онд багтаан байгуулахаар ажиллаж байгаа болно” гэлээ.
Европын консулын Ерөнхийлөгч Доналд Туск Их Британи Европын холбооны гишүүнчлэлээс татгалзсан нь бидний гадаад бодлогод, Япон улстай байгуулсан харилцаанд огтхон ч нөлөөлөхгүй. Европын 27 улс Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар хоёр талын хамтын ажиллагаа улам хөгжинө. Их Британи Европын холбооноос гарах шийдвэрт хүрсэн ч Европын холбооны гишүүн хэвээр, эрх үүргээ эдэлсээр байгаа” гэсэн юм.
Тэрбээр төгсгөлд нь Францын ард түмэнд хандан эмгэнэл илэрхийллээ.
Г.ХОРОЛ