Хятад газрын ховор элементийн экспортоо өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Хятад газрын ховор элементийн экспортоо өөрчилнө

Хятад улс гишүүний хувьд Дэлхийн худалдааны байгууллагын дүрэмд үндэслэн газрын ховор элементийн экспортын хэмжээгээ өөрчлөхөөр төлөвлөж буй тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. АНУ, Европын холбооны орнууд Дэлхийн худалдааны байгууллагад Хятадын “экспортын түрэмгийлэл”-ийг зогсоох шаардлага өнгөрсөн сарын эхээр тавиад байсан билээ. Энэ дагуу ДХБ Хятадын алхамыг нэг сарын турш нягтлан, тус улсын түүхий эдийн экспортыг танах алхам олон улсын худалдааны дүрмийг зөрчсөнийг энэ лхагва гаригт мэдэгдсэн юм. Үүнд газрын ховор элементээс гадна ховор метал, магни, жонш, цайр, боксит, кокс гэх мэт олон түүхий эдийн нийлүүлэлтийн хязгаарлалтын асуудлыг оруулжээ.

Газрын ховор элементийн нийлүүлэлтийн 90 гаруй хувийг дангаараа хангадаг Хятад улс 2010 оны хоёрдугаар хагасаас хойш газрын ховор элементийн экспортыг 40 хувиар бууруулснаас хойш уг түүхий эдийн үнэ арав дахин өсөөд байгаа юм. Тухайлбал хос хөдөлгүүрт /hybrid car/ машины цахилгаан моторын соронзонг үйлдвэрлэхэд ашигладаг Disprosium жилийн өмнө кг нь 360 ам.доллар байсан бол одоо 3600 ам.доллар, neodymium 45 ам.доллар байсан нь 450 ам.доллар болж өсчээ. “Голдман Сакс” газрын ховор элементийн зах зээлд үүссэн энэхүү “хөөс” удахгүй арилах болно гэж үзэж буй ч уг түүхий эдийн эрэлтийн тасралтгүй нэмэгдэж буй өсөлтийг хангах нийлүүлэлтийн боломжит нөхцөл тодорхойгүй хэвээр байсаар байгаа юм.

Гэхдээ Хятадаас гадна томоохон нийлүүлэгчид зах зээлд гол байр эзлэх нохойн дуу ойртсоор. Тухайлбал АНУ-ын “Мolycorp” Калифорни дахь “Мountain Pass” ордоосоо 2013 оноос эхлэн жилд 40 мянган тонн газрын ховор элемент олборлох бол Австралийн “Lynas” 2013 оноос жилд 22 мянган тонныг “Mount Well” ордоос үйлдвэрлэхээр төлөвлөж буй юм. Мөн түүнчлэн өөр олон компаниуд хоёр жилийн дараанаас олборлолтоо эхлүүлэхээр шамдаж байна.
Үүний дээр Японы Засгийн газрын төлөөллийн мэдэгдсэнээр бол ойрын 5-10 жилд уг түүхий эдийн нийлүүлэлтийн зах зээлд тус улсын эзлэх байр тэргүүлж магадгүй байна.

Японы эрдэмтдийн баг далайн ёроолоос газрын ховор элементийн үлэмж хэмжээний орд олсон тухай долдугаар сарын 4-нд мэдэгдсэн нь уг түүхий эдийн олборлолтын төсөл эхлүүлээд буй компаниудад багагүй цохилт болсон байж болох юм.

Гэвч АНУ-ын Мolycorp, Aвстралийн Lynas, Канадын Avalon Rare Metals болон салбарын бусад олон компани уг ордыг ашиглахад хэдэн арван жилийн хугацаа,  тэрбум тэрбум ам.доллар шаардагдахыг баталж буй нь үүнийг хоосон мөрөөдөл төдий болгож буй тухай шинжээчид хэлж байна.
Далайн түвшнээс 3500-6000 метрийн гүнд, Номхон Далайн ёроолд хайгуулаар илрүүлсэн 80-100 тэрбум тонн баялгаа Японууд хэрхэн ашиглаж, олборлох техник, эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй байна.

Японы эрдэмтдийн үзэж буйгаар, олборлолт хялбар байх бөгөөд баялгийг агуулж буй далайн ёроолын шавраас хүчил ашиглан ховор элементүүдийг ялгаж аваад, хоолойгоор дээш гаргах  ажээ. Японы Засгийн газрын төлөөлөл ордыг 5-10 жилийн дараа ашиглаж эхэлнэ гэж мэдэгдсэн нь уг нээлтийг илүү баталгаажуулж өгсөн юм.

Гэхдээ шинжээчид үүнд итгэлтэй биш байна.
Тэд газрын ховор элементийг боловсруулах нь туйлын амаргүй, мөн далайн гүн дэх ордод олборлолт явуулахад өртөг өндөр гарах болно гэж хэлж байна.
Канадын газрын ховор элемент олборлогч нэгэн компанийн Захирал “Ийм хэмжээний гүнээс ямар нэг зүйл малтаж, дээш нь гаргах боломжтой гэж бодох нь тэнэг хэрэг. Бид ямар нэгэн газрын ховор элемент харахаас өмнө далайн гүнээс эртний үлэмж биетнүүд гарч ирэхийг би хүлээж байна” гэж хошигножээ.

Газрын ховор элементийг хөнгөн хүнд гэсэн хоёр бүлэгт ангилдаг бөгөөд эдгээр 17 эрдэс нь химийн үелэх системийн тоонд ордог.

Газрын ховор элемент /хүнд/

Газрын ховор элемент /хөнгөн/

Terbium  /Tb/

Scandium
/Sc/

Dysprosium /Dy/

Yttrium /Y/

Holmium /Ho/

Cerium /Ce/

Erbium /Er/

Praseodymium /Pr/

Thulium    /Tm/

Neodymium /Nd/

Ytterbium /Yb/

Promethium /Pm/

Lutetium /Lu/

Samarium /Sm/

 

Europium /Eu/

 

Gadolinium /Gd/

Газрын хөрсөнд эдгээр элементүүд харьцангуй тархацтайгаар оршдог боловч олборлоход эдийн засгийн ашигтай байхуйц хэмжээний баялаг хэсэг маш ховор тохиолддог тул ийн нэрийджээ. Өөрөөр хэлбэл бидний гишгэж буй газарт, зуслангийн хашааны талбайд ч эдгээр элемент нь тодорхой хэмжээгээр агуулагддаг.   

Ховор элементийн түүхий эдийн зах зээлд ойролцоогоор 2 тэрбум ам.доллар эргэлддэг ч уг түүхий эдэд түшиглэн үйлдвэрлэдэг дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүний зах зээл 60 гаруй их наяд ам.доллар бүхий дэлхийн ДНБ-ий 10 гаруй хувийг эзэлж байна.

Газрын ховор элементийн оролцоонд түшиглэн бүтдэг бүтээгдэхүүнд LCD зурагт, гар утас, компьютерийн хард, хос хөдөлгүүрт болон цахилгаан машины мотор, зай хураагуур, туяаны /томографи/ эмчилгээний багаж төхөөрөмж, фото линз болон шил толины өнгөлгөө зэрэг олон хэрэглээ багтана. Мөн энэ нь нар, салхины сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжийн үйлдвэрлэлд онцгой үүрэгтэй байдгаас гадна онгоцны хөдөлгүүр, стратегийн зэвсгийн технологи, газрын тос боловсруулах үйлдвэрт гээд дурдаад байвал уг түүхий эдийн эзлэх хүрээг тоочоод баршгүй.

Иймд уг түүхий эдийн эрэлт дэвшилтэт технологийн хүрээ тэлэхийн хэрээр огцом өсөхөөр байна. 2010 онд газрын ховор элементийн эрэлт 130 гаруй мянган тонн байсан бол 2012 онд 180 мянган тоннд хүрэх төлөв гарч буй.

Хятад экспортоо огцом хумих болсноо тус улс дахь газрын ховор элемент боловсруулах үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх хор уршиг хэрээс хэтэрсэнтэй холбон тайлбарлаж буй ч цаагуураа эдийн засгийн үлэмж сонирхолтой нь уялдаатай юм. Хятад улс ДХБ-ын сануулгаар экспортоо шууд тэлнэ гэдэг эргэлзээтэй. Тус улс Дэлхийн худалдааны байгууллагад өмнө нь экспортыг хумих алхамаа байгаль орчны бохирдлоор тайлбарласан. Одоо харин тэд ямар тайлбар хэлэхийг хөгжингүй улс орнуудын төр, хувийн хэвшлийнхэн экспорт эргээд сэргэнэ гэсэн горьдлоготойгоор хүлээж сууна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж