Хүн амын тооллогоос харвал монголчууд голдуу монгол, орос, төвөд нэртэй. Хүнд нэр өгөхөд цаг үе, нийгэм, сэтгэл зүй, сүсэг бишрэл гээд олон зүйл нөлөөлдөг. Бурханы шашинтай монголчууд хэдэн зууны өмнөөс хүүхдэдээ төвөд нэр өгсөөр иржээ. Орос ах нарын нөлөө их байсан 1933-аас 1970-аад онд Александр, Нина, Индра, Коля нэртэй монголчууд элбэгшсэн бол Нандинцэцэг дуучин ид гялалзаж байсан 1970-аас 1980 онд Нандиагууд хүч авсан байх юм. Үндэсний үзэл дэлгэрсэн 1990-ээд оноос Тэмүүжин, Тэмүүлэн, Хасар, Есүй, Есүгэн, Анужингууд зулай даран мэндэлжээ. Эртний нэр ингэж хүч авч байгаа ч хүүхдэдээ “Мандухай сэцэн хатан” киноны Эсмэлийн нэрийг өгөх хүн бараг л гарахгүй биз. “Тунгалаг тамир”-ын Түгжилүүд ч төрөхгүй л болов уу. Яагаад гэвэл нүүрэн дээр нь “Найз аа!, Анд минь! гэж сайхан ярьж хөөрчхөөд буруу харангуут нь хутга дүрэхийг “түгжилдэх” гэдэг болчхоод байгаа шүү дээ.
Нэр өгөхөд хамгийн их анхаардаг зүйл нь бэлгэдэл. Тиймдээ ч 1800-аад онд хүүхдэдээ сайн сайхан бүрийг цогцлоохыг хичээж 14 үе, 40 үсэгтэй Миндолномунханжамбалчойжийданзанпэрэнлэй гэдэг нэр өгсөн түүх бий. Урт нэрт гуай аав ээжийнхээ итгэлийг алдалгүй алдартай эрдэмтэн болж, нэрээ мөнхөлжээ. Мөн 24 үсэгтэй Лувсандэнзэнпилжинжигмэд, Гүрсоронзонгомбосүрэнболд, 23 үсэгтэй Гурванхангайшатарманлай гэсэн монголчууд байсан байх юм. Дашрамд сонирхуулахад YIII Богд нэрээрээ монгол түмэндээ алдаршсан манай сүүлчийн хаан Жавзандамба хутагт Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсамбуу гэдэг 42 үсэгтэй нэртэй байжээ. Сүүлийн Балсамбуу гэдэг нь өндөр дээд хутагт хувилгаадын алдрын төгсгөлд хэлдэг Сайнцогт хэмээх үг юм. Харин юм бүр хялбаршин хураагдаж байгаа энэ зуунд нэр хүртэл богиносож ОД, ӨД, ОЧ, АЗ нар төрсөөр байна…
“Егөөтэй 99 тайлбар” номын “Намуун дөлгөөн охин номын болсон түүх” өгүүллийн хэсгээс