Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн нүүр номын хуудастаа бичиж буй зураачдын тухай цуврал өгүүллийг www.news.mn сайт албан ёсны зөвшөөрөлтэйгээр танд хүргэж байна.
Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!
ӨГ=14
БҮХ ЗУРГАА ШАТААСАН НЬ
Бидний өмнө, толгойдоо буу тулгуулсан дөрвөн эрэгтэй хүн байна. Тэдний нүүрийг нууж байгаа юм шиг цагаан дугуй дүрсүүдээр халхалчихаж. Дээд доод хэсэгт, зоогийн газар авсан нь илт гэрэл зургийн хэсгүүдийг эвлүүлэг маягаар оруулсан нь ердийн амьдралыг бэлгэдэж буй агаад, ширээн дээрх тавгийн хэлбэр нь өнөөх баг мэт дугуй дүрсүүдийг давтжээ. “Хүмүүс эргэн тойронд нь буй олон олон аюултай зүйлсийг огт анзааралгүй амьдардаг гэж зураач хэлэхийг хүссэн биз ээ” хэмээн нэгэн театр судлаач бичсэн байх юм. Дээрх дөрвөн эрийн тухай бодож, “Ямар хүмүүс юм бол? Яасан юм бол?” хэмээн төсөөлөхөд хүргэж буй нь тэдний нүүрийг нуусан шалтгаан ч байж мэднэ.
Энэ бол Америкийн дүрслэх урлагийн томоохон дүр төрх, концептуал урлагийн нэртэй төлөөлөгч Жон Балдессарийн уран бүтээл эрийн цээндээ хүрсэн үеийн ажил юм. Тэрээр бодит гэрэл зургуудыг дэглэн үзэгчдийнхээ мэдрэмжийг хөндөх дуртай зураач. Ёгт далд санаа арвинтай, өвөрмөц сэтгэгч Балдессари урлагийн хамгийн содон, тэсрэлттэй үзэгдлийг эрж хайх явцдаа нийтийн соёлын хэлийг хэрхэн ашигласныг та харлаа.
“Би ямагт урлаг гэж юу болохыг л тодорхойлохыг хичээж ирсэн” гэж тэр нэгэнтээ хэлсэн юм. 1966 оны нэг ажил нь “Энэ зураг урлагаас бусад бүх зүйлээс ангижирсан (цэвэрлэгдсэн)” хэмээх тайлбар бичиг бүхий хов хоосон, цагаан зотон байдаг. Тэрээр сүүлдээ уран зургаас татгалзаж, 1953-1966 оныг хүртэлх бүх ажлаа шатаах ёслол зохиож байжээ. Одоо тэрээр кино, инсталляци, баримал, коллаж, перформанс, гэрэл зургаар голчлон уран бүтээлээ туурвидаг. 200 орчим бие даасан үзэсгэлэн дэлгэсэн, олон нэр хүндтэй шагнал хүртсэн гээд л бичээд байвал дуусахгүй ээ. Балдессарийн сүүлийн үеийн ажлууд үнэхээр сэтгэл татам. Сонирхуулахын тулд өөрийнхөө гэрэл зургаар хийсэн ажлыг нь болон өөр бусад бүтээлийг хавсаргалаа.
ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ