Франц улсын Ницце хотод өчигдөр орой /2016.07.14/ халдлага болж, 73 иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг болжээ. Ницце хотын төвд ёслолын буудлага үзэхээр ирсэн хүмүүс рүү ачааны автомашин дайран орсоны улмаас 73 хүн амиа алдаж, 50 хүний бие маш хүнд байна хэмээн CNN дамжууллаа.
Ачааны автомашины жолоочийг цагдаагийнхан аюулгүй болгосон байна. Тус ачааны автомашинаас тэсрэх бөмбөг, буу зэвсэг олджээ.
Ницце хотод онц байдал зарлаад байгаа бөгөөд иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг Ницце хотын захирагч анхааруулж байна.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Ерөнхий сайд Манюэль Васль нар Ницце хотод өнөөдөр очиж, нөхцөл байдалтай танилцах юм.
Франц улсын Ницце хотод өчигдөр орой /2016.07.14/ халдлага болж 72 иргэн амь насаа алдан 20 гаруй иргэний амь онц аюултай нөхцөлд байгаа талаарх мэдэгдлийг тус улсын ерөнхийлөгч Ф.Олланд өнөөдөр хийлээ.
Ингэхдээ тэрбээр Франц улсад тогтоосон байсан Онц байдлын хугацааг дахин гурван сараар үргэлжлүүлэх болсныг онцлов. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсад террорист халдлага болж, Онц байдал тогтоосон байсан. Энэхүү Онц байдлын хугацаа долдугаар сард дуусах байсан ч өчигдрийн үйл явдал дахин сунгахаас аргагүй болгожээ.
Францын ерөнхийлөгч Ф.Олланд Онц байдлын хугацааг дахин гурван сараар үргэлжлүүлэх энэхүү асуудлыг шинэ долоо хоногт парламентад оруулахаа хэллээ.
Мөн тэрбээр “Гэмт хэрэгтнийг барьж чадаагүй байна, гарлыг нь тодорхой болгож хамсаатнуудыг баривчлахын төлөө чадах бүхнээ хийнэ. Бид нэгдмэл байдлаа харуулж терроризмын эсрэг үйлдлээс ард иргэдээ хамгаалах ёстой. Франц улс харуул хамгаалалтаа сайжруулж, Сири, Ирак руу явуулах ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Өнөөдөр Батлан хамгаалах зөвлөлийн уулзалт болно, терроризмын эсрэг авах бүхий л арга хэмжээг авна. Цаг тухайд нь энэ тухай зарлах болно.
Франц бол хүчирхэг гүрэн, тэднээс илүү хүчирхэг байх болно. Францыг сөгдүүлж чадахгүй” гэсэн юм.
Б.АНХТУЯА