МСҮТ-ийн багш нар сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

МСҮТ-ийн багш нар сургалтад хамрагдаж байна

Монголын Мянганы Сорилтын Сангийн санхүүжилтээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нар “Техникийн англи хэлний эрчимжүүлсэн сургалтанд” хамрагдаж эхэллээ

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Монголын Мянганы Сорилтын Сангийн Мэргэжлийн Боловсрол Сургалтын төслийн санаачлагаар Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхай, барилгын чиглэлээр сургалт эрхэлдэг мэргэжлийн сургуулиудын багш нарт зориулсан Техникийн англи хэлний сургалтыг 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдөр улсын хэмжээнд буюу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан, Дундговь, Дорнод зэрэг 6 бүсэд нэгэн зэрэг эхлүүллээ.

Сургалт 8 дугаар сарын 20-ны өдөр өндөрлөх бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн Боловсрол Сургалтын Газрын харъяа бүсийн арга зүйн төвүүдийг түшиглэн явагдаж байгаа ба энэхүү сургалтанд уул уурхай, барилгын чиглэлээр мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг 40 гаруй сургуулиас 200 орчим мэргэжлийн багш нар хамрагдаж, хүнд машин, механизмын оператор, барилгын мужаан, гагнуурчны мэргэжлийн техникийн үг хэллэг, нэр томъёог англи хэл дээр үзэхийн зэрэгцээ англи хэлнийхээ ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх юм.

Монголын Мянганы Сорилтын Сан нь Улсын хэмжээнд зохион байгуулах Техникийн англи хэлний сургалтыг хэрэгжүүлэх Гүйцэтгэгч байгууллагыг сонгох өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зарлаж, Монгол-Америкийн хамтарсан Сантис Боловсролын Төв гүйцэтгэгчээр шалгаран ажилдаа ороод байна.

Сургалтын үр дүнд Мэргэжлийн Боловсрол Сургалтын байгууллагуудын мэргэжлийн багш нарын ерөнхий болон техникийн англи хэлний мэдлэг дээшилж, дэлхийн 120 гаруй улс оронд хэрэглэж байгаа ажлын байрны Англи хэлний төвшин тогтоох TOEIC шалгалтаар сургалтын үр дүнг тогтоохын сацуу нийт суралцагсад олон улсын TOEIC сертификаттай төгсөнө. Мөн Монголын Мянганы Сорилтын Сангийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэх сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зөв зүйтэй ашиглах, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, сургах, суралцах арга барилыг эзэмшиж, мэргэжлийн багш нарын харилцаа, хамтын ажиллагаа бэхжих юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж