УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг олигархиудаас хамгаалахаа мэдэгдлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх үед тэрбээр “Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжиж байна. Залуу хүн шинэчлэл, эр зоригийн илэрхийлэл байх ёстой. Миний найз эргэн тойрондоо байгаа бизнесийн бүлэглэл, олигархиудад битгий хөтлөгдчихөөрэй. Наад хүмүүс чинь 20 гаруй жил Монголын төрөөр тоглосон шүү, 26 жил Монголын төрөөр тоглосон хүмүүс өөрийг чинь загнах гэж зөөлчлөх гэж дээрэлхэх гэж оролдоно. Хатуу байгаарай, битгий бууж өгөөрэй. Энэ хоёр намд олиггүй хүмүүс олон бий. 1990 оны хувьчлалд оролцсон хүмүүс Монголыг сайн сайхан зүйлд хүргэж чадахгүй, 1970, 1980-аад оныхон энд хүргэнэ.
Монголын төрд шударга ёсыг тогтоох, олигархитай тэмцэх том үүрэг танд ногдож байна. Олигархи бүлэглэлийн дарамт шахалт ирвэл надад хэлээрэй. Би хамгаалах болно” гэж мэдэгдсэн юм.
Г.ХОРОЛ