Ч.Санжаадамба: 15 жил улсын наадамд барилдаж, АВАРГА цолонд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2016.07.13-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамба: 15 жил улсын наадамд барилдаж, АВАРГА цолонд хүрлээ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадам өндөрлөлөө. Хүчит 1024 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын арслан Ч.Санжаадамба шинээр улсын арслан цолны болзол хангасан Р.Пүрэвдагваар 10 давж, МОНГОЛ УЛСЫН АВАРГА цолны болзол хангасан юм. Монгол Улсын 22 дахь аварга Ч.Санжаадамбатай шинэ цолоо гардсан торгон мөчид цөөн хором ярилцлаа.

Юуны өмнө Төрийн их баяр наадамд түрүүлж, аварга болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач.

-Үнэхээр их баяртай байна. Юуны өмнө төрүүлж өсгөсөн аав, ээждээ болон гэр бүлийнхэндээ баярлалаа. Дэвжээнийхан хамт олон, нутгийн олон та бүхэндээ баярлаж байна. Бөх хүн бүр аварга цолонд хүрэхийг хүсдэг. Өнөөдөр энэ хүсэл минь биелэж, монгол түмэн та бүхнийхээ итгэлийг алдалгүй барилдсандаа сэтгэл өндөр байна.

-Энэ жилийн даваа их хүнд боллоо. Таны хувьд наймын даваанд Э.Оюунболд арслантай тунахад юу бодогдож байв?

-1024 бөх зодоглосон сайхан наадам болсон. Мөн залуу арслангууд хүчтэй байлаа. Хоёр, гурвын даваанаас эхлээд барилдаан бүр сонирхолтой болж эхэлсэн. Шинэ цолтнууд олон төрлөө. Мэдээж энэ жилийн наадмын наймын даваа сонирхолтой болсон. Улсын заан цолоо дөрөв дэх удаагаа баталсан жил минь их өнгөтэй байлаа. Наймын давааны оноолт хүнд болсон ч гэлээ сайхан барилдаан үзүүлж, арсланг давлаа.

-Таны хувьд хамгийн хүнд даваа аль даваа байсан бэ?

-Ер нь даваа бүр хүнд байсан. Мэдээж тэр даваа гэж онцлоход хэцүү. Аварга цолонд хүрэх амар байсангүй, надад.  

-Архангай нутгийн бөхчүүд Төрийн их баяр наадмын үзүүр, түрүүг авсан сайхан амжилтыг үзүүллээ шүү дээ?

-Тиймээ. Энэ жилийн хувьд архангайчуудын хувьд сайхан наадам боллоо. Улсын начин цолтон дөрөв төрж, арслан, аваргатай боллоо. 1024 бөх барилдсан түүхт ойн жил Архангайн хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн нь бас нэгэн ховор амжилтын түүхийг бичлээ.  Миний хувьд 15 жил улсын наадамд барилдаж, аварга хэмээх сайхан цолонд хүрлээ. Цаашдаа улам сайн барилдаж, та бүхнийхээ итгэлийг алдахгүй хичээх болно. Нийт монголчууд та бүхэндээ баяр наадмын мэндийг хүргэж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж