Наадамчдын таавар: Энэ жилийн бөхийн түрүү хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2016.07.12-нд нийтлэгдсэн

Наадамчдын таавар: Энэ жилийн бөхийн түрүү хэн бэ?

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүүг хэн авах магадлалтай талаар наадамчин олны тааврыг хүргэж байна.

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай

Миний бодлоор Э.Оюунболд арслан түрүүлнэ гэж бодож байна. Сайн барилддаг бөхчүүд тавын даваанд ороод ирчихсэн учраас шийдвэрлэх даваа болно. Энэ жил 1024 бөх барилдаж байгаа учраас аймаг, улсын цолтой сайн барилддаг арслан, заанууд хүрэлцэн иржээ. Ялангуяа аймгийн арслангууд өнгөтэй байна. Аймгийн арслан, улсын цолтой бөхчүүд хүч тэнцүү барилдаж байна.


Б.Баярсайхан БЗД-ийн иргэн

Энэ жил Э.Оюунболд арслан, Д.Гончигдамба гарьд хоёрын аль нэг нь түрүүлнэ гэж бодож байна. Энэ жил бөхийн барилдаан сонирхолтой сайхан болж байна. Ер нь 1024 бөх барилдахаар таавар их зөрдөг. Яагаад гэвэл залуу бөхчүүд олноор гарч ирсэн. Дээр нь дөрөв-ийн даваан дээр начин болох магадлалтай байсан аймгийн арслангууд унасан. Цаашид улам л өрсөлдөөнтэй болох байх.


З.Ууганзаяа Увс аймгийн иргэн

Би хувьдаа П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Н.Санжаадамба, Ц.Содномдорж нарыг түрүүлэх магадлалтай гэж бодож байна. Энэ жил 1024 бөх барилдаж байгаа болохоор олон начин төрнө. Аймгуудын наадам хойшилсон учраас аймаг, сумын бөхчүүд хүрэлцэн ирж, бөхийн чансааг сайжрууллаа. Энэ жил маш олон улсын цолтон төрсөн наадам болох байх. Миний бодлоор 10 гаруй начин төрөх байх.


Б.Ганбаатар нэвтрүүлэгч хөтлөгч

Бөхийн таавар тэр энэ гэж хэлдэг цаг өнгөрсөн. Хэн ч байж магадгүй. Дандаа битүү бөх гарч ирдэг бослон. Гэхдээ П.Бүрэнтөгс магадлалтай. Орчин цагийн бөхчүүд нэг жил хүчтэй үсэрч гарч ирээд дараа жил сураггүй болчихдог тохиолдол арвин бий. Тиймээс тэр гэж таахад хэцүү байна. Магадгүй Э.Оюунболд дахиад түрүүлэхийг үгүйсгэхгүй. Идэр залуу арслан шүү дээ. Би бөх нэг их сонирхдоггүй. Гэхдээ Монгол хүн юм чинь үзэлгүй яахав.    

Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж