Канад Украинтай чөлөөт худалдааны гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2016.07.12-нд нийтлэгдсэн

Канад Украинтай чөлөөт худалдааны гэрээ байгуулав

Канад болон Украины Засгийн газар даваа гаригт /2016.7.11/ чөлөөт худалдааны гэрээ байгууллаа. Чөлөөт худалдааны гэрээ нь зөрчил мөргөлдөөнд “зүдэрсэн” Украины эдийн засгийг дэмжих зорилготой аж. Канад улс нь Украинд 2014 онд Европын холбоонд нэгдэхийн төлөө жагсаал гарах үеэс л Киевийн Засгийн газрыг дэмжиж ирсэн юм. Канадын ерөнхий сайд Жастин Тердоу Украинтай чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээг 2015 оноос эхэлсэн хэмээн мэдэгджээ. Тэрбээр Киевт албан ёсны айлчлал хийж, Украины ерөнхийлөгч Пётр Порошенкотой чөлөөт худалдааны гэрээг үзэглэсэн аж. Мөн тэрбээр Украинд 13 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр амлажээ. Киевийн албаныхны мэдээлснээр өнгөрсөн онд Украинаас Канад руу экспорт буурч 30.16 сая ам.доллар болсон бол импорт 7.7 хувиар өсч, 206.24 сая ам.долларт хүрсэн аж.

Киев дэх Европын холбооны төлөөх жагсаал цуглаан нь ОХУ-ын талыг баримтлагч Украины ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулсан юм. Гэвч энэ нь ОХУ-ыг дэмжигчдийн тэмцлийг өдөөж Крым хойг болон Украины зүүн хязгаарт бослого үймээн дэгдээсэн юм. Эцэст нь Крым хойгт санал асуулга явагдсанаар ОХУ-д нэгдсэн бол Украины зүүн хязгаарт 26 сар үргэлжилсэн салан тусгаарлах бослогод 9500 орчим хүн амь үрэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж